Энтертайнмент

Хамтдаа шоронгоос оргосон хоригдол, харгалзагч хоёрыг АНУ-д эрэн сурвалжилж байна

Нийтэлсэн

АНУ-ын Алабама мужийн Лаудердэйл дүүргийн шоронгоос хоригдол, харгалзагч хоёр хамтдаа оргожээ.

Баасан гарагийн өглөө тус шоронгийн харгалзагч Вики Уайт хоригдол Кэси Уайтын сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулах шалтгаанаар авч гараад сураггүй алга болсон байна.

Тэдний овог адилхан Уайт боловч хоорондоо ямар нэг хэлхээ холбоогүй хүмүүс байжээ.

Шоронгийн захиргаа сүүлд хоригдлын сэтгэцийг шалгуулах ажил огт төлөвлөгдөөгүй байсныг олж мэдсэн байна.

Үүний дараа харгалзагч Уайт хоригдлыг оргуулах ажлыг зохион байгуулсан нь тодорхой болжээ.

Мөрдлөгийн явцад харгалзагч өөрийн орон сууцыг сарын өмнө зарсныг тогтоосон байна. Тэрбээр хөршүүддээ далайн эрэгт нүүж амьдрахаар болсноо ярьж байжээ.

Оргосон хоригдол Кэси Уайт нь хүн амины хэрэгт шалгагдаж байгаа онц аюултай этгээд гэнэ.

205 см орчим өндөр нуруутай түүнийг зэвсэглэсэн байж болзошгүй гэж үзэж байна.

АНУ-ын Маршалын Алба оргосон хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000-ын шагнал амлажээ.

Хатагтай Уайт нь 25 жил уг шоронд ажиллаж байгаа, хэд хэдэн удаа оны шилдэг ажилтан болсон үлгэр жишээ мэргэжилтэн юм байна.

Тэрбээр хоригдлуудыг шүүхийн байр руу хүргэх ажлыг хариуцдаг итгэмжлэгдсэн нэгэн байжээ.

“Энэ бол бидний сайн мэддэг Вики Уайт огт биш” гэж Лаудердэйл дүүргийн цагдаагийн шериф Рик Синглтон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Тэдний хооронд оргохоос өмнө ямар нэг харилцаа байсан эсэхийг мөрдөгчид шалгаж эхэлжээ.

Exit mobile version