Дэлхий

Токио хотын метроны өртөөнүүд ганц ч хогийн савгүй болох гэж байна

Нийтэлсэн

Японы нийслэл Токио хотын нийтийн зам талбайд хог хаях сав ховор байдаг. Энэ нь иргэд өөрийн хог хаягдлаа хариуцаж, гэр гэртээ авч харихад хүргэдэг байна.

Тэгвэл Токио хотын Нийтийн Тээврийн Газар тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн метроны өртөөнүүдэд үлдсэн бүх хогийн савыг зайлуулах шийдвэрийг саяхан гаргажээ.

Тус хотын метроны өртөөнүүдийг хогийн савгүй болгох ажил энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм байна. Одоо Асакуса, Мита, Оедо, Шинжүкү чиглэлийн өртөөнүүдэд нийт 239 хогийн сав үлдээд байгаа ажээ.

Ингэснээр зөвхөн бараа худалддаг автомат машинуудын дэргэдэх дахин боловсруулах хаягдлын савнууд хэвээр үлдэх юм байна.

Хогийн савнаас салах шийдвэрээ Токио хотын захиргаа иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэж тайлбарлажээ.

Өртөөний хогийн саванд элдэв тэсрэх бодис байрлуулах явдал өмнө нь ховор боловч гарч байсан юм.

Үүнээс сэргийлэхийн тулд сүүлд хогийн савнуудыг гаднаасаа нэвт харагдах тунгалаг материалтай болгож байжээ.

Гэхдээ зарим хүмүүс энэ арга хэмжээг аюулгүй байдлыг хангахаасаа илүү хог тээвэрлэх зардлаа хэмнэх гэсэн арга гэж таамаглаж байна.

Exit mobile version