Эдийн засаг

Дизель түлшний онцгой албан татварыг тэглэсний үр дүнд ₮334-өөр буурч, ₮3,380-аар худалдаалагдаж байгаа”

Нийтэлсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрбээр “Сингапурын хөрөнгийн биржээс тооцоолсон дизель түлшний үнэ нь нэг тонн нь 1,047 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцоолбол литр нь 3,714 төгрөг гэсэн үг.

Тэгвэл Засгийн газраас дизель түлшний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаснаар өнөөдөр 3,380 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Бид шатахууны үнийг дэлхийн зах зээлээс илүү хямдаар авах, дотоодод үнийг тогтворжуулах бүх талын арга хэмжээг авч байна” гэв.

Үргэлжлүүлэн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийн задаргааг нээлттэй ил тод болгосон.

Ер нь Монгол улсад гаднаас орж ирж буй шатахууны үнэ борлуулагдаж буй үнийнхээ 75 хувь нь байдаг бол албан татварууд нь бүгд нийлээд зах зээлд борлуулагдаж буй эцсийн үнийн 10-14 хувь л болдог.

Мөн үйл ажиллагааны зардал литр тутам 294-335 төгрөг нэмэгддэг нь нийт өртгийн 10-12 хувийг эзэлдэг юм.

Засгийн газраас АИ-92 шатахууны онцгой албан татварын тэглэж, “Роснефть”-тэй гэрээ хэлцэл хийсний үр дүнд литр тутмын үнийг зургаадугаар сар хүртэл 2,390 төгрөгт барих нөхцөл бүрдэж байгаа юм” гэдгийг онцлов.

Exit mobile version