Энтертайнмент
Допинг илэрсэн хоёр бөхийн барилдах эрхийг 4 жилээр хаслаа
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр болжээ. Тус хурлаар дараах шийдвэрийг гаргасныг өчигдөр (2022.05.10) МҮБХ-ноос танилцууллаа.
1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг 100% саналаар батлав.
2. “Ёс зүйн дүрэм”-ийг 100% саналаар хэлэлцэн батлав.
3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100% саналаар батлав.
4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88,2%-ийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.
5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100% саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.
6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасав.
7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94,1% саналаар зургаан сараар хасахаар тогтов.
ДОПИНГ ИЛЭРСЭН ХОЁР БӨХ ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭЖЭЭ
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдөр МҮБХ-ноос зохион байгуулсан заал, танхимын барилдаанд шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авч, түүний хариуг тавдугаар сарын 3-ны өдөр зарласан юм. Гэхдээ одоогоор хоёр бөхийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа.
Сануулахад, МҮБХ-ноос гуравдугаар сарын 17-нд Зэвсэгт хүчний 111 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, гуравдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Сант сумын “Илдэн бэйлийн хүчтэн” бөхийн холбооны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн (256) барилдааныг тус тус зохион байгуулсан билээ.
МҮБХ-ноос энэ удаагийн явцын шинжилгээний талаар “Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагап ирсэн. Тус байгууллага мөн өдөр МҮБХ-нд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй гарсан бол 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн. Олон улсын допингийн эсрэг байгууллагаас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тухайн үед хоёр бөх орон нутагт явсан байсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариуг хүлээн авсан.
Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, гэм буруугаа хүлээн, уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралд танилцуулан, хэлэлцүүлж, шийдвэр гаргана” хэмээн мэдээлж байсан билээ.
Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа тул МҮБХ допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг одоогоор албан ёсоор зарлаагүй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО