Дэлхий
Филиппиний ерөнхийлөгч Дутерте өөрийгөө Путинээс ялгаатай хүн болохыг тайлбарлав
Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр хэлсэн үгэндээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг хурцаар шүүмжилжээ.
Уг нь тэр Путинийг өөрийн найз нөхөр, хүндэлж явдаг “шүтээн” гэж ил тод ярьдаг байсан юм.
“Олон хүн Путин бид хоёрыг алуурчин гэдэг. Би ч филиппинчүүдийг ална гэж олон удаа сүрдүүлж байсан. Гэхдээ би зөвхөн гэмт этгээдүүдийг алдаг, харин хүүхэд, өндөр настнуудыг алдаггүй. Бид бол хоёр өөр ертөнцийн хүмүүс юм” гэж Дутерте засгийн газрынхаа хуралдааны үеэр ярьсныг телевизээр дамжуулжээ.
Тэр бас Украинд явуулж буй эзлэн түрэмгийллийг “цэргийн тусгай ажиллагаа” биш, тусгаар улсын эсрэг өдүүлсэн өргөн хүрээний дайн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Зургаан жил Филиппинийг удирдсан Дутерте зургаадугаар сарын 30-ны өдөр эрх мэдлээ дараагийн ерөнхийлөгчид шилжүүлэх гэж байгаа.
Бүрэн эрхийнхээ хугацаанд тэр хар тамхины эсрэг дайн зарлаж, үүний улмаас 6,000 гаруй хүний амь үрэгдсэн гэдэг. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Дутертег хар тамхитай тэмцэхдээ гэмгүй иргэдийг олноор хэлмэгдүүлсэнд буруутгадаг юм.
Өчигдөр хэлсэн үгэндээ Дутерте галаа зогсоож, энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгохыг Владимир Путинд болон Манила дахь ОХУ-ын элчин сайдад уриалжээ.
Тэрбээр Украины дайны улмаас Филиппиний газрын тосны нийлүүлэлт тасалдах аюулд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
“Би явж байгаа хүн болохоор энэ асуудлыг яаж шийдэхийг мэдэхгүй байна. Хэвийн амьдралд бүрэн шилжихийн тулд эхлээд та бүхэн Украин-Оросын дайны асуудлыг шийдэх хэрэгтэй болох байх” гэж Дутерте засгийн газрын гишүүддээ хандаж хэлжээ.
Эх сурвалж: Associated Press