Дэлхий
Өмнөд Солонгосын тэргүүлэх компаниуд хөрөнгө оруулалтын том төлөвлөгөөнүүдээ зарлаж байна
Өмнөд Солонгосын хоёр дахь том бизнесийн бүлэглэл SK Group ирэх таван жилийн хугацаанд 247 их наяд воны ($184.9 тэрбум) хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө өнөөдөр зарлажээ.
Үүний ихэнх хэсэг нь хагас дамжуулагч, цахилгаан автомашины батарей, биотехнологийн салбарт зарцуулагдах юм байна.
Мөн нийт хөрөнгө оруулалтын 178 их наяд вон нь Өмнөд Солонгосын дотоодын зах зээлд зарцуулагдаж, 50,000 шинэ ажлын байр бий болгох ажээ.
Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын тэргүүлэх бизнесийн бүлэглэлүүд ирээдүйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дараалан танилцуулж байна.
Хэдхэн хоногийн өмнө тус улсын хамгийн том компани Samsung 450 их наяд воны ($356 тэрбум) хөрөнгө оруулалтыг ирэх таван жилийн хугацаанд гаргах амлалт авсан бол Hyundai Motor Group 63 их наяд воны төлөвлөгөөгөө зарласан юм.
Samsung-ийн хөрөнгө оруулалт хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, биотехнологийн салбарт голчлон зориулагдах гэнэ.
Энэ нь тус группийн өмнөх таван жилд хийсэн хөрөнгө оруулалтаас 30 хувь өндөр болжээ.
Нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг буюу 360 их наяд вон нь Өмнөд Солонгосын дотоодын зах зээлд зарцуулагдах юм байна. 2026 он хүртэл нийтдээ 80,000 ажлын байр шинээр бий болгохоо Samsung амлажээ.
Hyundai Motor Group-ийн хувьд АНУ-ын Жоржиа мужийн нутагт цахилгаан хөдөлгүүрт автомашины томоохон үйлдвэр шинээр байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ сарын эхээр тангараг өргөсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих замаар улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах амлалт авсан нь дээрх компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд түлхэц болжээ.
Эх сурвалж: Yonhap News