Эдийн засаг

Э.Анар: Монголын ₮ карт хязгаарлагдмал эрхтэйгээр олон улсад гарах боломжтой

Нийтэлсэн

Монголбанкны төлбөр тоо­цооны газрын захирал Э.Анартай ярилцлаа. Төлбөрийн системийг шинэчлэх ажлын хүрээнд төл­бөрийн картыг зайнаас унших технологийг банкууд нэвтрүүлээд эхэлсэн талаар тэрбээр хэлж байна.

-2020 оны мөнгөний бодло­гын үндсэн чиглэлийн төсөлд төл­бөрийн системийн нэгдсэн зохицуу­лалтыг бий болгох, цаашилбал финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх зүйн зохи­цуу­лалтыг шинэчлэх тухай тусгасан байгаа. Энэ чиглэлийн эрх зүйн шинэчлэлийг хийх эрэлт хаанаас үүссэн бэ. Яагаад ийм шаардлага бий болов?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-ноос үндэсний төл­бөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоо­той зохих журам, зааврууд шинэч­лэгдээд есөн сар болж байна. Энэ хугацаанд төлбөрийн системийн журам зааврыг яаж шинэчилбэл иргэдэд илүү нийцтэй байх талаар 2020 оны үндсэн чиглэлд оруулаад явж байна.

-Төлбөрийн системийг шинэч­лэх ажлын хүрээнд төл­бөрийн картыг зайнаас унших технологийг банкууд нэвт­рүүлээд эхэлчихсэн байгаа. Энэ ажлын явц ямар байгаа вэ? 

-Монгол Улсын хэмжээнд нийт 2.7 сая ширхэг төлбөрийн ₮ карт буюу дотоодын картыг хэрэглэж байна. Энэ картыг бүрэн NFC технологид шилжүүлэх ажлыг Монголбанк сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн. Хамтран ажиллах байгууллагын гэрээг энэ сарын сүүлээр эцэслэн байгуулж, 11 дүгээр сараас шилжүүлэх ажил эхэлнэ. Анхны чиптэй ₮ карт ирэх оны нэгдүгээр улиралд гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэ карт NFC технологи буюу зайнаас унших чиптэй гарах юм. Ингэснээр финтек компаниудын төлбөр тооцоо хийх босгыг бий болгож байна гэсэн үг. Сүүлийн үед Монгол Улсад хэрэглэгдэж байгаа ₮ картын мэдээллийг хулгайлах, түүгээрээ дамжуулан гүйлгээ хийх, мөнгө авах зэрэг хэргүүд нэлээд гарсан. Үүний үндсэн дээр ₮ картыг чиптэй болгох, нууцлал аюулгүй байдлыг дэлхийн стандартад хүргэх шаардлага үүссэн.

-Төгрөг картын бусад үйл­чил­гээтэй нийлэх интег­рац­чилал ямар түвшинд байна вэ. NFC технологи нэвтэрснээр Улаанбаатар смарт карт ч юм уу бусад картыг орлох боломж бий юу?

-Бүрэн боломжтой. Дээрээс нь ₮ картаараа limited location буюу тусгайлсан байршилд очиж үйлчилгээ авах боломжийг бий болгож байгаа. Жишээлбэл Сөүл, Хонконгод тусгайлсан аж ахуй нэгж, дэлгүүрт ₮ картаараа үйл­чилгээ авах боломжтой болно.

-Үндсэндээ хязгаарлагдмал эрхтэй олон улсын карт бий болж байна гэсэн үг үү? 

-Тийм. Өнөөдөр бидний хэрэг­лэж байгаа ₮ карттай Union pay, master visa картууд олон улсад гарахаараа cobrand буюу хамтарсан байгууллагынхаа сүлжээгээр хэрэглэгддэг. Гэхдээ Монголын ₮ карт өөрөө хязгаарлагдмал эрхтэйгээр гарах боломжтой гэж харж, ажиллаж байна.

-Монгол банкнаас “Mobi finance”-ын candy-г цахим мөнгө болгох зөвшөөрлийг олгоод байгаа. Бусад финтек салбарын компаниуд ч бас цахим мөнгө гаргах сонирхолтой байгаагаа Төв банкинд илэрхийлсэн гэж байсан. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?

-2018 оны аравдугаар сард Mobi finance компанийн candy үйлчилгээ цахим мөнгөний анхны зөвшөөрлийг аваад, үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаагаараа энэ чиглэлд өрсөлдөж байгаа компаниудын ихэнх нь зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн. Зөвшөөрөл өгөх ажил судалгааны шатанд явж байна. Мэдээж техникийн хувьд дата бааз болон бусад шаардлагыг хангасан байх ёстой. Дотоод журам бизнес төлөв­лөгөө гэх мэтчилэн холбогдох материалуудаа илгээсэн.

-Хэчнээн компанийн санал ирсэн бэ?

-Одоогийн байдлаар дөрвөн компаниас санал ирүүлсэн байна.

-Өнгөрсөн сард ACH plus буюу Автомат клиринг хаус системийг нэвтрүүлээд байгаа. Үүнийг дагаад арилжааны банкуудын үйл ажиллагаанд нээгдсэн болом­ж болон бэрх­­шээлүүд юу байна вэ. Харил­цагчидтай холбоотой асуудлууд гарч ирсэн байх?

-ACH plus системийг найм­дугаар сарын 15-нд нэвтрүүлсэн. Монгол Улс бодит цагийн горим буюу 24/7-р харилцагч руугаа гүйлгээ дамжуулдаг цөөхөн улсын нэг. Энэ үйл­чилгээ хадгалагдахаас гадна гүйлгээний төрлүүд нэмэгдэж байгаа. Жишээлбэл, багцын гүйлгээ буюу бага гүйлгээ гэж байна. Өнгөрсөн наймдугаар сард бид Төрийн сангийн газраас хүүхдийн мөнгөний гүйлгээг дамжуулсан. Ийм гүйлгээг өмнө нь гурваас дөрөв хоногт хийдэг байсан бол одоо таван минутад дамжуулах жишээний. Нийт 970,000 орчим гүйлгээ гэсэн үг. Ер нь энэ багцалсан гүйлгээг дан ганц банк бус бусад аж ахуй нэгжүүд ч ашиглах боломжтой. Өөр нэг шинэлэг зүйл нь харилцагчийн хүсэлтээр данснаас нь мөнгө татах болсон. Жишээлбэл, компаниудтай гэрээ хийсэн тохиолдолд утасны эсвэл байрны төлбөрийг автоматаар банк хоорондын гүйлгээ ашиглан төлөх боломжтой гэсэн үг. Мөн банкны дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр дансаа буруу зөрүү хийх, нэр зөрөх гэх мэт асуудлаас сэргийлэх боломжтой болж, үүнд түшиглээд гар утсаа данстайгаа холбож утасны дугаараараа гүйлгээ хийх боломжийг нээж байгаа. Энэ дэд бүтцийг ашиглаад финтек компаниуд төлбөр тооцоо хийх, илүү хурдан шуурхай, найдвартай ажиллах боломжтой.

-Гар утасны дугаар нь тухайн хэрэглэгчийг тодорхойлох ID болж байна гэсэн үг үү, эсвэл оператор компаниуд дамжуулах гүйлгээнд оролцож байна гэсэн үг үү? 

-ID болж орж ирнэ гэсэн үг. Дан ганц утасны дугаар биш имэйл хаяг, сошиал хаягаараа ч ашиглаад явах боломжтой.

-Сая дурдсан данс, нэр зөрөх асуудлаас урьдчилан сэргийлнэ гэсэн боловч үүнийг дагаад банк хоорондын гүйлгээнд асуудал үүсэж байна гэсэн гомдлууд харагдаж байсан.

-Яг одоогоор банк хоорондын гүйлгээнд энэ систем маань идэвхжээгүй байна. Эхлээд байгууллагууд маань данс, утасны дугаараа бүртгүүлэх ёстой. Үүний дараа үйлчилгээ хэвийн явагдана.

– Хэзээ хийгдэж дуусах вэ?

-Эхний ээлжид бид төрийн сангийн дансыг бүгдийг нь холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үргэлжлүүлээд банкуудаа бүртгээд явна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Exit mobile version