Нийгэм
Хүн төрөлхтөн тахиаг гэршүүлсэн түүхийг эрдэмтэд шинээр бичжээ
Тахианы мах болон өндөг өнөөдөр хүн төрөлхтний хамгийн түгээмэл хүнснүүдийн нэг болоод байгаа.
Зөвхөн Их Британид жил бүр нэг тэрбум гаруй тахиаг нядалдаг байна. Хүмүүс энэ шувууг гэршүүлээд 10,000 орчим жил болсон гэж эрдэмтэд саяхныг хүртэл үздэг байжээ.
Харин Эксетэрийн их сургууль, Оксфордын их сургууль, Кардиффийн их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгааны үр дүнд тахиа нэлээд сүүлд гэрийн амьтан болсныг тогтоосон байна.
Ингэхдээ нас тогтоох хамгийн орчин үеийн технологийг анх удаа эрт цагийн тахианы яснууд дээр хэрэглээд энэ шувуу Нийтийн Тооллын Өмнөх 1500 орчим оны үед анх тэжээвэр амьтан болсныг тогтоожээ.
Эрдэмтэд дэлхийн 89 орны 600 газраас олдсон эртний тахианы олдворуудын насыг шинжилсэн байна.
Зэрлэг тахианууд анх Зүүн Өмнөд Азийн ширэнгэ ойд, модны орой хэсгийг дамжин амьдардаг байжээ. Тайландын төв бүс нутгаас олдсон гэршүүлсэн тахианы яс Нийтийн Тооллын Өмнөх 1650-1250 оны үед хамаарагдаж байсан нь хамгийн эртний олдвор болжээ.
Хүмүүс хуурай аргаар цагаан будаа тариалдаг болсон үед тахианууд будаанд татагдан модноос газарт бууснаар тэжээвэр амьтан болох эхлэл тавигдсан гэж эрдэмтэд дүгнэсэн байна.
Улмаар анхны гэршсэн тахиа Ази тивээр тархаж, сүүлдээ Газар дундын тэнгисээр дамжин Европ тивд хүрсэн гэнэ.
Дараа нь эртний Ромд тахианы мах, өндгийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг болжээ.
Зүүн Өмнөд Азиас тарсан тэжээвэр тахиа Нийтийн Тооллын Өмнөх 800 онд Газрын дундад тэнгисийн сав нутагт ирсэн ч Европ тивийн сэрүүн бүс нутаг болох Шотланд, Ирланд, Скандинавын орнуудад хүртлээ дахин бараг 1,000 жил болсон байна.
Шинэ судалгааны тайлан саяхан “Antiquity” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian