Дэлхий
Оросын арми Северодонецк хотоос гарах сүүлчийн гүүрийг устгажээ
Донбассын фронтын хамгийн халуун цэгүүдийн нэг болох Северодонецк хотоос гарах сүүлчийн гүүрийг өчигдөр Оросын тал устгажээ.
Северский Донец гол дээгүүр тавигдсан уг гүүр нь Северодонецк хотыг Украины хяналтад байгаа газар нутагтай холбож байсан юм.
Тиймээс хотоос энгийн иргэдийг нүүлгэх, хот руу хүмүүнлэгийн ачаа тээвэрлэх сүүлчийн зам ийнхүү тасарч байна.
Луганск мужийн захирагч Сергей Хайдайн мэдээлснээр одоо Северодонецк хотын 70 хувь Оросын цэргийн хяналтад байгаа ба Украины цэргүүд гудамжнаас гудамжны хооронд эсэргүүцэн тулалдаж байгаа гэнэ.
Гэхдээ Украины цэргүүд бүслэгдээгүй, тэдэнд тусламж хүргэх, шархдагсдыг гаргах зам нээлттэй байгаа ажээ.
Оросын цэргүүд хотыг бүрэн хяналтдаа оруулахаар Украины байрлалууд руу довтолсон ч амжилттай болоогүй тухай Украины цэргийн төв штаб мэдээлсэн байна.
Оросын их бууны цохилт олон зуун иргэн толгой хоргодож байгаа Азот химийн үйлдвэрийг сүйрүүлсэн тухай Гайдай мэдээлжээ.
“Северодонецк хотын Азот үйлдвэрт 500 орчим энгийн иргэн байгаагийн 40 нь хүүхдүүд байна” гэж тэр хэлсэн байна.
Донбассын фронт дээр Оросын тал их буугаар илүүрхэж байгаа тул Украины эрх баригчид хүнд зэвсэг техник яаралтай нэмж илгээхийг Өрнөдийн холбоотнуудаасаа хүсэж байгаа.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хүчний тэнцвэрийг хангахад шаардлагатай зэвсэг техникийн жагсаалтыг өчигдөр танилцуулсан байна.
Үүндээ 1,000 howitzer их буу, 500 танк, 1,000 дрон хэрэгтэй байгааг жагсаажээ.
Маргааш буюу Лхагва гарагт Өрнөдийн орнуудын батлан хамгаалахын сайд нар Брюссель хотод уулзахдаа Украины талаас хүссэн нэмэлт тусламжийн талаар шийдвэр гаргах юм байна.
Эх сурвалж: Reuters