Эдийн засаг

“Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы нээж хэлсэн үг

Нийтэлсэн

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Бидний урилгыг хүлээн авч “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

Сүүлийн 3 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар болон Төв банкнаас олон улсын санхүүгийн байгууллагууд, түнш орнуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, гадаад зах зээлийн таатай орчны нөлөөгөөр Та бид болзошгүй хямралаас зайлсхийсэн төдийгүй эдийн засагт тодорхой эерэг үр дүн гарлаа. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2% байсан бол 2018 онд 6.9%, 2019 оны 2 дугаар улиралд 7.3% болж, гадаад валютын улсын нөөц 4.0 дахин нэмэгдэн 4.0 тэрбум ам.долларт хүрч өсөв.

Гэсэн хэдий ч манай улсын эдийн засаг түүхий эдийн үнийн мөчлөг дагасан уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон гадаад өрөөс хэт хамааралтай. Тухайлбал сүүлийн 6 жилийн дунджаар манай экспортын орлогын 88 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, үүний 86 хувийг БНХАУ дангаар худалдан авч байна. 2020-2024 онуудад нийт 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөх хүлээлттэй байгаа нь уул уурхайн үнийн мөчлөгөөс хамааралтай манай улсын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.

Иймд богино болон дунд хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн стратегийг оновчтой тодорхойлох, цаашид гадаад өрийн хэмжээг бууруулах урсгал тэнцлийн тогтвортой байдлыг хангах нь бодлогын тэргүүний зорилт болоод байна.

Та бүхэнтэй уулзсан энэхүү завшааныг ашиглаж (1) Монгол Улсын Төлбөрийн тэнцэл тэр дундаа урсгал дансны өнөөгийн байдал (2) гадаад өрийн асуудлаар өөрийн санал бодлоо хуваалцъя.

Монголбанк нь Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн статистикийг албан ёсоор боловсруулан  бодлого боловсруулагчид, олон нийт, судлаач, эдийн засагчдад тогтмол хүргэхээс гадна Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, Гадаад валютын албан нөөцийн тооцоолол зэрэг макро эдийн засгийн чухал шийдвэр гаргахдаа ашигладаг. Төлбөрийн тэнцлийн статистик нь манай улсын бусад улс орнуудтай хийж буй бараа, үйлчилгээний төлбөр тооцоо, хөрөнгө, санхүүгийн харилцааг илэрхийлээд зогсохгүй макро эдийн засгийн өрсөлдөх чадварыг давхар илэрхийлдэг үзүүлэлт.

Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн ерөнхий бүтцийг авч үзвэл урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаар нөхдөг. Урсгал дансны алдагдал сүүлийн 10 жилийн хугацаанд 3.2 дахин өслөө.

Уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт болон гадаад өрийн үйлчилгээний өсөлтөөс үүдэн урсгал дансны алдагдлын дийлэнхи хувийг үйлчилгээ болон орлогын дансны алдагдал бүрдүүлэх болж, үүнийг санхүү болон хөрөнгө оруулалтын сувгийн ашгаар нөхөж байна. Тухайлбал, 2008-2018 оны хооронд нийт импорт 2 дахин, үйлчилгээний зардал 5 дахин, анхдагч орлогын зардал 8 дахин өссөн нь урсгал данс алдагдалтай гарах нөхцөлийг бүрдүүлэв.

Урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаар нөхсөөр байгаа нь Монгол Улсын гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж байна.  Тухайлбал,  2019 оны 2 дугаар улирлын байдлаар МУ-ын нийт гадаад хөрөнгө оруулалтын позицын цэвэр дүн 34.4 тэрбум ам.доллар, үүнээс МУ-ын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.7 тэрбум ам.доллар байгаа нь 10 жилийн өмнөх дүнтэй харьцуулахад харгалзан 5, 10 дахин нэмэгдсэн байна.

Монгол Улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед та бид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын ирээдүй, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна.

Иймд Монголбанкнаас 95 жилийн ойн хүрээнд “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг эдийн засгийн судлаачдын дунд зохион байгуулж, макро эдийн засаг тэр дундаа гадаад эдийн засгийн орчинд тулгамдаж буй сорилтууд, бодлогын зөвлөмжүүдийг хэлэлцүүлэхийг энэ удаад зорилоо.

Энэхүү хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт урсгал дансны алдагдлыг бууруулах, тогтвортой байдлыг хангах бодлогын асуудлуудыг хэлэлцүүлнэ. Удаах хэсэгт гадаад өрийн удирдлага, тогтвортой байдал, тэр дундаа богино болон дунд хугацааны эргэн төлөлтийн төлөвлөгөөний асуудлаар хэлэлцэх юм.

Өнөөдрийн онол практикийн бага хурал нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, дархлааг нэмэгдүүлэхэд чиглэж, бодлогын шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монголбанк санхүү, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн чухал тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч Та бүхэнд дахин талархсанаа илэрхийлээд өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье!

2019.09.17 Улаанбаатар хот,

Туушин зочид буудал

Exit mobile version