Улс төр

Энэ жилийн “Оросын Давос”-т хэн хэн оролцох вэ?

Нийтэлсэн

1997 оноос хойш жил бүр ОХУ-ын хоёр дахь том хотод Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулган зохион байгуулагдсаар ирсэн билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой уг арга хэмжээ өчигдөр Санкт-Петербург хотод эхэлсэн ба Бямба гарагт өндөрлөх юм байна.

Оросууд өөрсдөө “Оросын Давос” гэж нэрлэх дуртай чуулган энэ жил Украины дайн ид өрнөж, Москвагийн эрх баригчид олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн цаг үед болж байгаагаараа онцлог юм.

Үүнтэй холбоотойгоор Өрнөдийн орнуудын удирдагчид, хөрөнгө оруулагчид энэ жилийн чуулганд оролцохгүй болжээ.

Харин Ази, Африк, Ойрх Дорнодын орнууд болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим орноос хүндтэй зочид оролцохоор болсон байна.

Нэг үе Германы канцлер, ОУВС-ийн тэргүүн, Голдмэн Сакс, Сити зэрэг томоохон банкнуудын захирлууд оролцож байсан чуулганд энэ жил зөвхөн Казахстан, Армени улсуудын ерөнхийлөгч нар биечлэн оролцохоор болжээ.

Египетийн ерөнхийлөгч Абдел Аль Сиси видео холбоогоор оролцож, үг хэлэхээр болсон байна.

Мөн Хятад, Беларусь, Төв Африкийн БНУ, Турк, Энэтхэг, Иран, Никарагуа, Серби, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 40 орчим улсаас төлөөлөгчид оролцохоор болсныг Кремлиэс мэдээлжээ.

Зарим оролцогчид чуулганы мандат дээрээ компанийнхаа нэрийг бичүүлэхгүй байх хүсэлт ирүүлснийг зохион байгуулагч Росконгресс байгууллага мэдээлсэн байна.

Чуулганд Оросын нийт 1,244, гадаадын 265 компанийн төлөөлөгчид оролцохоор болжээ.

Өрнөдийн орнуудаас Америк, Итали, Францын ОХУ дахь худалдааны танхимын төлөөлөгчид “Орос дахь Өрнөдийн Хөрөнгө оруулагчид: Шинэ бодит байдал” сэдэвтэй хэлэлцүүлэгт үг хэлэхээр болсон байна.

Энэ жилийн чуулганы албан ёсны нэр “Шинэ ертөнцийн Шинэ боломжууд” юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш буюу Баасан гарагт чуулганы гол илтгэлийг тавихаар болсныг Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

Тэр бас энэ өдрийн орой гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзах юм байна.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version