Улс төр

“Тfiglobalnews”: Хятадаас үүдэлтэй монгол мөнгөн тэмдэгтийн уналт

Нийтэлсэн

Энэтхэгийн “TFI Media Group”-ийн эзэмшлийн “Тfiglobalnews”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол нэгэн цагт гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ногоон бэлчээр байсан бол одоо байдал эсрэгээрээ болоод байна. Монгол Улс өргөн цар хүрээг хамарсан  валютын хямралтай нүүр тулсан нь эдийн засгийг  нь хэдхэн жилийн дотор аймшигтай хар дарсан зүүд болгон хувиргасан бөгөөд ийм байдалд хүргэсний хариуцлагыг хэн хүлээх вэ. Хариулт нь маш тодорхой Хятад.

Хятадад КОВИД-19-тэй холбоотойгоор  хөл хорио тогтоож эхэлснээр тус улс  хилээ хаахад хүрсэн. Үүний үр дүнд Хятадаас Монгол руу хийх экспорт зогсонги байдалд орж, дотоодын инфляц нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь өсөж эхэлсэн.  Монгол Улсын  экспортын  хэмжээ ч мэдэгдэхүйц буурсан нь тус улсын ам.долларын урсгалыг саатуулж байгаа юм.

 

ХЯТАДЫН “ТЭГ-КОВИД” БОДЛОГО

 

Хятад улс “Тэг-КОВИД” гэх хатуу бодлогыг хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсээр байна. Энэхүү бодлогын дагуу халдварын тохиолдлыг бууруулахын  тулд хэд хэдэн мужид  бүхэлд нь хөл хорио тогтоосон. Хэдийгээр Хятадын “Тэг-КОВИД” бодлого тус улсын  эдийн засагт асар их хохирол учруулсан ч Бээжин  барууны  арга барилыг дагах бодолгүй байна. Гэхдээ энэ бодлого нь зөвхөн БНХАУ-д ч бус бусад орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байгаа юм. 2021 оны эхний улирлаас эхлэн Хятад улс тахал өвчинтэй холбоотой хязгаарлалтыг зөөлрүүлж эхэлсэн нь түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд хүргэсэн нь  Ши Жиньпин “Тэг-КОВИД” бодлогын улмаас Монголын эдийн засаг маш хүнд байдалд  орохоос сэргийлж чадсан. Берлин дэх Хятад судлалын Меркатор хүрээлэнгийн шинжээч Валери Тан “Цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээнүүдийн улмаас үүссэн эдийн засгийн хямрал нь дээд шатны удирдлагуудын буруу зохицуулалт, буруу тооцоог харуулж байна. Бид Ши Жиньпиний буруу бодлогыг харж байна” гэжээ.  Гэсэн хэдий ч Бээжин “Тэг-КОВИД” бодлогоо  ойрын хугацаанд орхих бодолгүй байгаа бололтой.

 

ОРОС, УКРАИНЫ ХЯМРАЛ

 

Орос-Украины мөргөлдөөн нь Монголын эдийн засгийн өсөлтийг сааруулахаас гадна байгалийн хийн үнийг өсгөж, монгол мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшинд  сөргөөр нөлөөлсөн. Нэгдүгээр сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш буурч байсан бол хоёрдугаар сарын сүүлчээр Орос Украинд түрэмгийлсний дараа энэ хандлага улам нэмэгдсэн. “Кредит Даш” ХХК-ийн эзэн “Яг одоо ам.долларын зарах ханш хэд байгааг мэдэх үү. 3350 орчим төгрөгөөр зарж байна. Хэрэв та хэдэн сарын өмнө надаас ийм асуулт асуусан бол би 2850 төгрөг гэж хэлэх байсан. Монгол төгрөг болоод эдийн засгийн байдал тийм ч таатай биш байна” гэв. Төгрөгийн ханш унасан учраас  монголчууд үнэтэй бараа худалдаж авахын тулд сул мөнгөн тэмдэгтээ их хэмжээгээр ашиглахад хүргэж байна.

 

УЛААНБААТАРТ БОЛСОН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ

 

Эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаа нь Засгийн газраа эсэргүүцсэн иргэдийг жагсахад хүргэсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Сүхбаатарын талбайн өмнө монголчууд цуглаж, УИХ-ын ордны өмнө жагсаж эхэлсэн. Энэхүү жагсаалыг  залуучууд удирдаж, эдийн засгийн байдал, тэр дундаа инфляцын өсөлтийг эсэргүүцсэн байв. Жагсагчид мөн ил тод байхыг шаардаж, төрийн албаны  авлигыг бууруулахыг шаардав. Монголчуудын олонх нь улс орондоо болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг Хятадын буруу гэж үздэг. “Арвижих гүүр” банк бус санхүүгийн байгууллагын эзэн Батаа “Монголд бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн нь Хятад улсын буруу. Үнэ хэтэрхий өссөн байна. Ард иргэд дахин жагсах ёстой” гэв.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Exit mobile version