Улс төр

Ц.Оюунгэрэл: Нүхэн жорлонг хэрэглэдэг хоёр шалтгаан бол өвлийн улирал болон мөнгө

Нийтэлсэн

Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэлтэй нүхэн жорлонтой холбоотойгоор ярилцлаа.


-Бид нүхэн жорлонг яагаад өнөөгийн нийгэмд тулгамдаж буй том асуудал хэмээн авч үзэх шаардлагатай вэ. Эсрэгээрээ нүхэн жорлон яагаад бидний хэрэглээний салшгүй хэсэг байсаар байна вэ?

-Нүхэн жорлон бол хүний амьдралын чанарт муугаар нөлөөлж буй хэрэглээний нэг. Хэрхэн муугаар нөлөөлж буй талаар хэлье. Нүхэн жорлонг цэвэрлэдэггүй. Хэн ч, хэзээ ч тэрийг цэвэрлэдэггүй юм. Тиймээс шал, хана, үнэр гэх мэт төрөл бүрээр бохир байдаг. Энэ нь өвчлөлийг тараах гол шалтгаануудын нэг. Нүхэн жорлон бол Монгол орныг эрүүл мэндийн үзүүлэлтээр үргэлжид хойш нь татаж байдаг шар, холер, гэдэсний халдварт өвчний гол эх үүсвэр.

Хүмүүс ийм бохир зүйлийг дуртайдаа байлгаад байдаггүй. Бид нүхэн жорлонг хэрэглэж буй хүмүүсийг буруутгахаас зайлсхийх ёстой. Яагаад гэвэл эдгээр хүмүүс өөрийгөө эсвэл бусдыг хорлохын тулд нүхэн жорлонг хэрэглэдэггүй. Нүхэн жорлонг хэрэглэдэг хоёр шалтгаан бол өвлийн улирал болон мөнгө. Манай улсад өвлийн улирал дэлхийд байхгүй цочир, мөн гэнэтийн байдлаар хүйтэрдэг. Ийм нөхцөлд дэд бүтцэд холбогдох гэхээр труба хөлдөх, мөнгө хүрэхгүй зэрэг асуудал үүсдэг юм. Тийм учраас л барууныхны хэрэглэдэг устай жорлонг бүх хүн хэрэглэх ямар ч боломжгүй. Мөнгө болон өвөл гэх хоёр шалтгааны голд хавчигдсан учраас нүхэн жорлон хүний төлбөрийн чадварт нийцсэн, найдвартай хэрэглээ болж үлдсэн хэрэг. Найдвартай болон хямд гэх хоёр шалтгаантайгаар нүхэн жорлонг өдийг хүртэл хэрэглэжээ.

-Улаанбаатар хотод 145.9 мянган модон жорлон байдаг. Үүнээс 50 мянган нүхэн жорлон гүн бохирдолтой хэмээх судалгаа гарсан байна. Энэ нь хөрсөнд хэрхэн нөлөөлж байна вэ. Жорлонгийн нүх нь дүүрвэл шууд л шороогоор булдаг нь хэр оновчтой арга бол?

-Нүхэн жорлон дүүрсэн үед шууд булах нь байгалийг дээд зэргээр бохирдуулж буй арга. Саяхнаас манай улсад ашигтай бактерийг үйлдвэрлэх нь ихэссэн. Олон компани жорлонгийн бохирыг газарт аюулгүй болгож, задалдаг нутгийн бактериудыг үржүүлж байна. Энэ нь Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нарын судалгаагаар үйлдвэрлэсэн ашигтай бактери буюу ялзмаг үүсгэдэг бактериуд юм. Монгол Улсын уур амьсгалд тохирсон, био хаягдлыг шороо болгож задалдаг үйлдвэрлэл цэцэглэж байна. Тэгэхээр жорлонгоо буулгахаас өмнө өтгөн болон шингэнээ бактериар задлах ёстой. Задалсны дараа булах хэрэгтэй. Үгүй бол хөрсөнд задрах гэж хэдэн зуун жил ч болно.

Байгаль өөрийнхөө цэвэрлэгээг өөрөө сэтгэсэн байдаг. Тухайлбал, хээр малын сэг зэм олноор байдаг. Тэр сэг зэмийг байгаль өөрөө цэвэрлэдэггүй байсан бол түүнээс элдэв өвчин тарж, бүхий л мал, амьтан өвчлөх байсан. Байгаль ямар цэвэрлэгчийг сэг зэм рүү явуулдаг бэ гэхээр эхний ээлжид махыг нь идүүлэхээр махчин амьтдыг явуулна. Сэг зэм нь багассаны дараа мэрэгч амьтад иддэг юм. Мэрэгч амьтдын идэж чадахгүй жижиг хэсгийг өт, хорхой иднэ. Өт хорхойн идэж чадахгүй хэсгийг бичил нянгууд иддэг.

Энэ мэт шат дамжлагаар дамжсаны дараа бактериуд сэг зэмийг шороо болгон хувиргаж байгаа юм. Органик зүйлийг шороо болтол нь задалдаг цэвэрлэгээний ийм шат дамжлага байгальд оршдог. Байгальд оршдог ийм шат дамжлагыг дамжихгүйгээр жорлонг шууд шороогоор булах нь бохирдлоо үүрд үлдээж байгаа хэлбэр юм. Тэр бохирдлыг байгалийн жамаар задалж, байгальд ээлтэй болгож хувиргасны дараа шороогоор булснаар тухайн шороон доорх хөрс тэжээгдэх боломж бүрдэнэ. Мөн нүхэн жорлон руугаа химийн бодис хийхгүй байгаасай хэмээн хүсдэг. Зарим өрхүүд нүхэн жорлон руугаа түлш хийдэг. Янз бүрийн нефтийн гаралтай зүйлийг жорлонгийн үнэр дарахаар хийдэг жишээнүүд бий. Энэ бол байгаль, ус, хөрсийг хорлож буй хэлбэр.

-Тэгэхээр жорлонгийн үнэрийг дарахын тулд ариут­галын бодис ашиглахгүй байх нь зөв гэсэн үг байх нь ээ?

-Ариутгалын бодисыг шаардлагатай нөхцөлд ашиглалгүй яахав. Жишээ нь, нэг өрх гэр бүлээрээ холер туссан байя гэж бодъё. Ийм нөхцөлд өвчний бактерийг устгахын тулд яаралтайгаар химийн бодис хийх нь зөв. Эрүүл ахуйн үүднээс холермин тэргүүтэй химийн бодис цацах нь өвчин үүсгэгчийг дарж байгаа юм. Гэхдээ холермин өтгөнийг задлахгүй. Тиймээс л шаардлагагүй үед химийн бодис ашиглахгүй байх нь зүйтэй.

-Нүхэн жорлонд ариун цэврийн хэрэглэл болон цаа­саа хийдэг өрхүүд бий. Ашигтай бактери эдгээр зүйл­сийг ч мөн задалж чадах уу?

-Ариун цэврийн хэрэглэл тийм ч амар задардаг зүйл биш. Тиймээс ариун цэврийн хэрэглэлийг тусдаа саванд хаях ёстой. Харин ариун цэврийн цаас ямар төрлийн цаас болохоос хамаарч бактери задалдаг. Жишээлбэл, байгальд 100 хувь задардаг цаас бол бактерийн тусламжтайгаар задрах боломжтой. Харин шохойтой, өнгө, үнэртэй ариун цэврийн цаас маш удаан задардаг.

-Нүхэн жорлонд ашигтай бактерийг хэр хэмжээгээр хийх вэ?

-Нэг шоо дөрвөлжинд нэг литр ашигтай бактери хийдэг. Холермин цацсан жорлонд хоёр дахин их хэмжээтэй ашигтай бактери хийнэ. Ингэхдээ ашигтай бактериа нэг буланд бүгдэнг нь хамт хийх хэрэгтэй. Хэрэв жорлонгийн нүхэнд ашигтай бактерийг тарааж хийвэл бактери нь үхдэг.

-Байгалийн хөрс, нүхний талаар зайлшгүй ярих шаард­лагатай. Хөрсөн дэх ашигтай бактери хэр гүн хэсэгт байгаа өтгөн, шингэнийг задалж чаддаг юм бэ. Монголд байдаг ихэнх нүхэн жорлон 1-3 метр гүн байдаг шүү дээ?

-Ашигтай бактери тийм хэмжээний гүнд амьдардаггүй. Тэгэхээр өтгөн болон шингэнийг задлах боломжгүй. Ашигтай бактери нь дулаахан, нарны гэрэл тусдаг, шим тэжээлтэй өнгөн хөрсөнд амьдардаг. Өнгөн хөрснөөс хэт хол, хүйтэн, доошоо хэсэгт ямар ч бактери очиж өтгөнийг идэхгүй. Бид өөрсдөө өтгөнөө цэвэрлэхгүй, бактери ч цэвэрлэх боломжгүй, соруулах бололцоогүй жорлонг бариад байна. Соруулж, цэвэрлэх боломжгүй жорлонтой байснаас байгалиараа цэвэрлүүлэх жорлонтой байсан нь дээр. Бидний уудаг гүний усыг дор хаяж таван метрийн гүнээс авдаг. Тэгэхээр 1-3 метр гүн гэхээр гүний устайгаа ойртсон жорлонтой болж байгаа биз дээ. Газрын гадаргаас 50 см доош гүнд бактери амьдардаггүй. Устайгаа ойртож байснаас 50 см дотор байгалийн бактерийг ашиглан өтгөн, шингэнийг задалдаг жорлонтой байх нь оновчтой.

-Ерөөсөө л гүнзгий нүх ухахгүй байхад болно гэсэн үг байх нь ээ?

-Тийм ээ. Ялангуяа хот газарт гүнзгий нүх ухуулахгүй байх хэрэгтэй. Жорлонгоо гүнзгий нүхтэйгээр барих гэж байгаа бол хөрсөнд нэвчүүлэхгүй материалаар доторлож, соруулдаг байх хэрэгтэй. Мөн өтгөн, шингэнийг тусад нь авдаг био жорлонгуудыг хэрэглэж болно. Шингэнээсээ тусдаа гарсан өтгөн маш бага хэмжээтэй. Хүмүүс өөрсдөөсөө их хэмжээний өтгөн, шингэн гардаг хэмээн бодож, гүнзгий нүх ухдаг. Гэтэл хүн нэг жилийн турш 40-ийн битоны хэмжээтэй буюу 40 литр өтгөн л ялгаруулдаг юм. Нэг жилийн турш ганцхан хувин өтгөн гаргаж байгаа гэсэн үг.

Мөн гэр хороололд угаадсын менежмент байхгүй байна. Угаадсыг цементлээгүй нүхэнд хийгээд газар руу шүүж, шингээж байна. Угаадсыг соруулдаг байх хэрэгтэй. Хэрэв газар руу шингээх гэж байгаа бол хайрга, элсэн дээр шүүж шингээх аргыг ашиглана. Шүүлтүүр хайрга, элсээ 10 жилд нэг удаа сольдог байх хэрэгтэй. Угаадас газар руу шүүгдэж орж байх тусам дэлхий болон байгалиа хайрлаж байна гэсэн үг. Хайрганы завсар угаадаснаас шүүгдэж орж ирсэн шингэн ургамалд хэрэгтэй байдаг. Шүүлтүүр угаадасны дээр өвс, мод зэргийг тарьдаг байх хэрэгтэй. Энэ мэт олон төрлийн амьдралын жижиг туршлагуудыг бид суралцах хэрэгтэй байна.

-Гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох ажлыг удаа дараа хийж байсан. Манай улсад жорлонг сайжруулахаар ажилладаг ч дорвитой үр дүн гардаггүй. Нөгөө талаас био жорлон хэмээх нэр томьёо ч хэдийн гарсан байна?

-Найдвартай мөртлөө хямд ямар жорлонг олон нийтэд хүргэж болох вэ хэмээн Жорлонгоо өөрчилье төслийн баг эрэл хийсэн. Бид Хойд Европуудын хэрэглэдэг гэртээ тавьж болдог суултууртай хуурай жорлонг төслийнхөө хүрээнд сонгосон. Энэ жорлон дэд бүтцэд холбогдохгүй учраас найдвартай. Хүмүүс дэд бүтцэд холбогдсон зүйл найдваргүй болдог гэдгийг мэддэг. Улс даяар дэд бүтцэд холбогдсон маш олон жорлон хөлдсөн жишээ бий. Ноднин жил гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийг жорлонд зарцуулъя хэмээн Эрдэнэт үйлдвэр мөнгө амлаж, УИХ-ын гишүүд лоббидож, устай жорлонг хөдөө орон нутгуудад тавьсан. Тэр бүх жорлонгууд өвөл хөлдсөн.

Яагаад гэвэл манай улсын өвлийн улирал урьдчилан таамаглахын аргагүй инженерийн асуудлыг үүсгэдэг. Тиймээс Улаанбаатараас явуулсан олон жорлон суманд очоод хөлдсөн хэрэг. Манай улс сум бүрээ дэд бүтцэд холбох хэмээн маш их санхүүжилтийг төсөвлөдөг. Дэд бүтцэд холбох трубанууд нь бүгд хөлдсөн. Улаанбаатарт ч Дэлхийн банкны зээлээр авсан газар доор хөлдөөж хаясан олон труба бий. Гэр хороололд олон байгаа. Дэлхийн банкнаас авсан мөнгөө газар руу булсаар л байсан. Дэд бүтэц татаад гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан бол дэд бүтэц өөрөө юм. Дэд бүтцэд нэг л холбосон бол тухайн дэд бүтцийн эргэлт зогсолтгүй байх ёстой. Ус, бохир нь зогсохгүй байх ёстой. 24 цагийн турш тухайн систем эргэлдэж байх ёстой байдаг. Гэр хорооллын хэрэглээ бага учраас систем нь байнгын эргэлдэх боломжгүй. Аль болохоор дэд бүтцэд холбогдоогүй шийдэл нь гэр хороололд хамгийн зохимжтой. Иргэдийн сонгосон нүхэн жорлон бол дэд бүтцэд холбогдоогүй, найдвартай гэдэг утгаар тунаж үлдсэн хэрэглээ юм байна гэдгийг судалж мэдсэн. Улмаар бүх жорлонгоо дэд бүтцэд холбохгүйгээр нийлүүлье хэмээн шийдвэр гаргасан.

Ингэснээр Финляндад үйлдвэрлэсэн био хуурай жорлонг иргэдэд борлуулж эхэлсэн юм. Хэрэглээг ч заасан. Дэд бүтцэд холбогдоогүй учраас цэвэрлэгээ нь гар ажиллагаатай. Өтгөн нь уутанд дүүрээд ирэхээр ууттай өтгөнөө хаядаг, булдаг аргачлалтай. Булахдаа газар ухаад булдаг юм. Гэртээ эсвэл гадаа тавьж болдог.

Нүхэн жорлонг ухаж, амбаарыг нь бариад хэрэглэнэ гэвэл хамгийн хямдаар тооцоход хоёр сая төгрөг болдог байна. Харин био жорлонг 800-900 мянган төгрөгөөр худалдан авч хориод жил хэрэглэх боломжтой. Бага ам бүлтэй айл дөрвөн долоо хоногт нэг удаа өтгөнөө үртэстэй нь хамт гаргаж булах ёстой. Шингэнийг нь угаадас руу хийнэ. Манай төсөл одоогоор 750 айлын жорлонг өөрчилсөн. Жорлонг цэвэрлэдэггүй байсан бол цэвэрлэдэг болж өөрчлөгдөж байгаа юм. Гол зардал нь үртэс болон байгальд задардаг уут. Жилд 10 шуудай үртэс хэрэглэдэг. Нэг шуудай үртэс 2000 төгрөгийн үнэтэй. Мөн нэг жил хэрэглэх байгальд ээлтэй уут нь 8000 төгрөгийн үнэтэй. Энэ жорлонг хэрэглэсний урсгал зардал нь 28 мянган төгрөг болж байгаа юм. Соруулдаг жорлонг дор хаяж 300 мянган төгрөгөөр соруулдаг. Энэ мэтээр хүмүүс жорлонгоо сонгохдоо төсөв болон ач холбогдлыг их тооцдог болжээ.

-Аялал жуулчлалын улирал эхэлсэн. Энэ салбарт тулгамдаж буй гол асуудал бол жорлон байдаг. Дотоодын гэлтгүй гаднын жуулчид ч энэ талаар ам уралдан ярьдаг шүү дээ. Та Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбарт жорлонгийн асуудлыг хэрхэн шийдэх боломжтой хэмээн харж байгаа вэ?

-Аялал жуулчлалын компаниуд бүгд жорлонгоо өөрчлөх ёстой. Өөрсдөө судлах боломжгүй бол чаддаг хүмүүсээр нь хэрхэн жорлонгоо өөрчилж, сайжруулж болохыг судлуулах ёстой. Мөнгөтэй, чадалтай компаниуд нь устай жорлонгоо ажиллуулах боломжтой юм. Жуулчдыг өндөр үнэ хөлсөөр авч, амраадаг атлаа энгийн шийдлээр нүхэн жорлонгоо хийсэн газрууд ч бий. Ингэхдээ нүхэн жорлон дотроо шууд бордоошуулдаг байх жишээтэй. Гүехэн нүхтэй, дотроо бордоошуулах боломжтойгоор жорлонгийн асуудлаа шийдсэн компаниуд амжилттай ажиллаж байгаа олон жишээ бий. Хээр очоод бие засахад хүнээс гарсан өтгөн, шингэнийг тухайн нутгийн бактери хамгийн сайн задалдаг.

Тиймээс гүехэн жорлон бариад жорлонгоо цэвэрлэдэг, гоё суултууртай, хүн харахад тохитой байлгах шаардлагатай. Үүнээс гадна үртэс болон үртэс хийх хутгууртай байхад болно гэсэн үг. Энэ жорлон зуны улиралд ажиллах боломжтой хамгийн хямд өртгөөр бүтсэн жорлон юм. Ийм жорлон хийсэн компаниуд жуулчин, зочиддоо жорлонгоо тайлбарлах цаг гаргах ёстой. Зочиндоо бие зассаных нь дараа үртсээ хийх ёстойг зайлшгүй тайлбарлах хэрэгтэй юм.

Бүх жорлон тухайн газрын соёл, цаг агаар, хэрэглэгчийнхээ мөнгө төгрөгөөс хамаарч өөр өөр байдаг. Тиймээс төгс жорлон гэж хаана ч байхгүй. Харин ямар жорлон байдаг вэ гэвэл цэвэрхэн жорлон л гэж бий. Хэний жорлон цэвэрхэн байна, түүний жорлон л төгс жорлон болж байгаа юм. Жорлон гэдэг зүйлийг цэвэрлэх горимоо бодолцож хийх хэрэгтэй. Өөрийн цэвэрлэж чадахгүй жорлонгоо битгий барь, бүү худалдаж ав. Жорлонгийн үүсгэж буй хамгийн том аюул нь бохирдол учраас аюулыг бууруулахын тулд цэвэрхэн байлгах шаардлагатай юм. Цэвэрхэн байлгаж чадвал алхмын хэмжээтэй нүх ухаж бие зассан ч жорлон болно.

Малчдад жорлон барихдаа гүехэн нүх ухахыг хамгийн эхэнд зөвлөдөг. Бие засах болгондоо нүхээ ухаад гарсан шороог хутгуураар хийж, хучиж бай. Хучсаныхаа дараа өнгөн хөрсөөр нь бул. Өнгөн хөрсний бактери нь ашигтай бактери ихтэй учраас шууд задалдаг. Байгаль өөрийгөө цэвэрлэдэгтэй адил хүн ч гэсэн жорлонгоо цэвэрлэдэг байх хэрэгтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Exit mobile version