Улс төр

Төр засаг, хууль хяналтын байгууллага гэж байна уу

Нийтэлсэн

Монгол Улсын “Шилдэг аймаг”-т удаа дараа багтаж ирсэн Өмнөговь аймаг “шилдэг” нэртэйгээс бус төрийн албаны алдаа завхрал дээд цэгтээ тулжээ. Уул уурхай дагасан хөгжилдөө дулдуйдсан энэ аймгийн төр захиргааны байгууллага бүтцээсээ эхлээд утгаа алдсан гэдгийг 2017 оноос хойш Засгийн газар, Төрийн албаны зөвлөл болон хууль хяналтын байгууллагад удаа дараа дуулгасан ч нөхцөл байдал дээрдээгүй аж. Харин ч хууль зөрчих алдаа завхрал улам бүр газар авч, сүүлдээ төрийн эрхийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр хуульчид иргэдтэй хамтран хууль хяналтын байгууллагад дахин ханджээ.

Тодотговол, өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 7, 8 дугаар баг дээр анхан шатны нэгж болох багийн Иргэдийн нийтийн хурлын сонгуулийг явуулж, дарга нараа сонгосон ч АН-ынхан засаглаж байгаагаараа далимдуулан, Иргэний бүртгэл, мэдээллийн хэлтэстээ нөлөөлж, “Царцааны нүүдэл” өрнүүлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Ингэхдээ АН-ынхан Эрүүгийн хуулийн 23.4-ийн “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч бичиг баримт үйлдэх”, 19.2-ын “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах”, Зөрчлийн тухай хуулийн 15.24-ийн “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих”, 19-ийн “Шилжилт хөдөлгөөний бүртгэл”, 27-гийн “Хүн ам, өрхийн бүртгэл”, “Статистикийн тухай хууль”, “Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуул”-ийн 32.5-ын “Иргэдийн Нийтийн хурлын оролцогч дараах эрх үүрэгтэй”, 32.5.1-ийн “Хэлэлцэх асуудал санаачлах”, 32.5.2-ын “Асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 32.5.3-ын “Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах”, 32.5.4-ийн “Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох”, 32.5.5-ын “Хуралдааны дэгийг сахих” зэрэг 10 гаруй хуулийн заалт зөрчсөнийг шалгуулахаар гомдол гаргажээ.

Багийн иргэдийн нийтийн хурлын сонгуульд АН-аас оролцогчид аль нэг баг, сумын харьяат байхаас үл хамааран, Улсын бүртгэлийн хэлтэс дээр сонгуулийн санал өгөхөөс 1-2 хоногийн өмнө бичиг баримтаа бүрдүүлэн, худал үнэнг нь тодорхойлох аргагүй “шилжсэн” гэх баримт үзүүлэн, сонгуульд оролцсон гэдгийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл Даланзадгад сумын багууд дээр сонгууль явуулахад АН-ынхан албан харьяалал хамааралгүй, хуурамч баримтаар багуудын хурлыг сэлгэн нэгнээ дэмжин санал өгсөн нь олон хууль зөрчихөд хүргэсэн аж.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг өөрөө том асуудал. Гэтэл Монголын эдийн засгийн түшиц аймаг болох Өмнөговьд хүч түрсэн, төрийн эрх мэдлийг дээр дурдсан зүйлээр авах гэсэн, авсан энэ санаархал эцэстээ Монгол Улсын нийгэмд ямархан хэмжээний буруу жишиг тогтоож байгааг анзаарч харах, арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаа. Үүний цаана ямар том эрх ашиг нуугдаж байгааг ч олж тогтоох хэрэгтэй.

Цаашилбал, дэлхийн хэмжээний том төслүүд хэрэгжиж байгаа аймгаар ийн тоглож, төрийн албаар тоглож, хуулийг гишгэж байгаагийн цаана юу байна вэ гэх асуудал ч үүсэх болов уу. Анхан шатанд өрнөсөн энэ удаагийн сонгуулиар “Царцааны нүүдэл” өрнүүлэхээс гадна мөнгө төгрөг тараах, дарамтлах замаар ажиллагаа явуулж байгаа нь цааш цаашдын сонгуульд ихээхэн хэмжээний мөнгө төгрөг оруулахаас гадна улсын эдийн засгийн гол төв болох энэ аймгийг ямар нэгэн бүлэглэл гартаа хийхийг санаархсан ч байх магадлал өндөр. Гадны нөлөө байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг шинжээчид хэллээ.

Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн 15 сумаас 12-ыг нь АН засаглаж, гуравхан сумыг МАН засаглаж байгаа. Аймгийн төв буюу Даланзадгад сумыг МАН засагладаг байна. Өнгөрөгч тавдугаар сард болсон сонгууль хэтдээ энэ аймгийг атгах гэсэн бүлэглэлийн эртнээс явуулсан үйлдэл байх магадлалтайг дурдаад эхэлжээ. Ийм ноцтой, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай асуудлыг үтэр түргэн шалгах хэрэгтэй. Айсуй 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хөндлөнгийн захиалгаар ч явуулсан байж болохоор олон зүйл ажиглагдаж байна.

Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар аймгийн Засаг дарга нь Монгол Улсыг тэргүүлэх аймгийг удирдаж байж багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож, намынхнаа дэмжээд явсан байна. Уг нь энэ хүн аймгийн хэмжээнд, Монгол Улсын хэмжээнд бодлого барьж явах ёстой атал нэг багийн хурал үймүүлж, улстөржиж байгааг юу гэх вэ. Сүүлийн үед болж өрнөсөн улс төр, бизнесийн үйл ажиллагаанаас харахад ихээхэн зоримог хууль зөрчиж байгаа нь цаанаа ямар нэгэн эрх мэдэлтний хамгаалалттай ч гэж хэлж болохоор байгааг ч нуугаагүй.

Энд хуульчид, иргэд хамтран хууль хяналтын байгууллагад хандсан үндэслэлийг харсан, үүнийг үйлдэгчид нь чухам ямар хүмүүс байгааг нарийвчлан тодруулсангүй. Гэхдээ иргэд төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагааг зохион байгуулсан хүнээр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, түүний орлогч Н.Энхбат, Хөгжил хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Отгончимэг нарын цөөнгүй хүмүүсийг нэрлэж байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж бол УИХ-ын гишүүн “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн бизнесийг орон нутагт өрнүүлж ирсэн бизнесмэн хүн. Үүний цаана МАН, АН, өөр бусад нам гэхгүй хамтарсан бүлэглэл орон нутгийн хэмжээнд ажилладаг гэх эртний мэдээлэл ч байдаг.

Тиймдээ ч Өмнөговь аймагт улс төр, бизнесийн бүлэглэл эртнээс үйл ажиллагаа явуулж ирсэн гэх хардлага байдагтай санал нийлнэ. Тэгвэл улс төр, бизнесийн МАНАН бүлэглэлийг устгах ажиллагааг хэдэн жилийн өмнөөс шударга гишүүд ард түмэнтэйгээ нэгдэн эхлүүлсэн. Улсын хэмжээнд өрнөсөн энэ ажиллагаа бүрэн хэрэгжиж дуусаагүй байхад Өмнөговь аймагт “Мини” МАНАН төрж өсөөд эрийн цээнд хүрчээ гэж болно.

Тэд багуудын сонгууль явуулахдаа олон зуун сая төгрөг зарцуулахын зэрэгцээ иргэдэд тараасан гэх мэдээлэл ч байна. Ямартай ч Өмнөговь аймгийн АН-ынхан төрийн 10 гаруй хууль тогтоомж зөрчиж, олон зуун сая төгрөг тараан сонгуульд оролцохдоо огтхон ч эмээсэнгүй. Монгол Улсад МАНАН бүлэглэл л юунаас ч эмээдэггүй, олон жилийн турш хүссэнээ гүйцэлдүүлж ирснийг баримтаар ил болгож, зарим хүмүүст арга хэмжээ тооцсоор өнөөдөрт хүрсэн гэдгийг санах хэрэгтэй. Төрийн олон хууль тогтоомж зөрчиж, дээрээ төргүй мэт аашилж, дэргэдээ түмэнгүй мэт загнаж байгаа нөхдөд анхаарал тавихгүй бол нөхцөл байдал өөрөөр эргэж байгааг УИХ, Засгийн газар болон хууль хяналтын байгууллага анхаарах цаг нь болжээ.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Exit mobile version