Дэлхий

Украинд Америкийн хоёр иргэн оросуудад олзлогдсон байж болзошгүй гэв

Нийтэлсэн

Украинд байлдахаар явсан Америкийн хоёр иргэн сураггүй алга болсон бөгөөд Оросын олзонд орсон байж болзошгүй гэж CNN мэдээлжээ.

АНУ-ын Алабамагаас Украинд очсон 39 настай Александр Друке, 27 настай Энди Хюин нар гэр бүлтэйгээ холбоо тасарсан байна. Друкегийн ээж Конгрессийн гишүүн Терри Сюэллд хэд хоногийн турш хүүхэдтэйгээ холбоогүй байгаагаа хэлжээ. Тэрээр хүү нь украин цэргүүдэд америк зэвсэгтэй хэрхэн харьцах сургалт орж байсан тухай хэлсэн байна. “Алекс украинчуудад илүү хүчирхэг болж, Путиныг дарахад нь туслахыг хүссэн” гэж Вашингтон Постод ярьжээ.

Хюиний сүйт бүсгүй Жой Блэк CNN-д найз залуу нь Оросын олзонд орсон гэх нотолгоо алга ч тийм байж болохыг үгүйсгэхгүй гэв.

Тэд хоёул хамгийн сүүлд зургаадугаар сарын 8-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон бөгөөд “Даалгавар биелүүлэхээр явж байна. Хэсэг хугацаанд холбоогүй байна шүү” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч “Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Украины эрх баригчидтай холбоотой ажиллаж байна. Нууцлалтай учраас бид нэмэлт мэдээлэл өгөхгүй” гэжээ.

Цагаан ордон одоогоор алга болсон цэргүүдийн талаарх мэдээллийг үнэн эсэхийг батлах боломжгүй байгаа ч хэрвээ олзлогдсон нь үнэн бол тэднийг эсэн мэнд гэрт нь хариулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэв. Түүнчлэн тэрээр АНУ иргэдээ Украин руу очиж байлдахгүй байхыг зөвлөдөг гэжээ.

“Энэ бол дайны бүс. Та бүхэн Украиныг зүрх сэтгэлээрээ дэмжихийг хүсэж байгаа бол илүү аюулгүй бөгөөд нөлөөтэй олон өөр арга зам байгаа” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби хэлжээ. Оросын талын нэгэн телеграм сувагт америкчууд Харьков хотод олзонд орсон гэх мэдээлэл гарсан байна.

Эх сурвалж: CNN

Exit mobile version