CRI Монгол радио

Өнгөрсөн сар Хятад улсын CPI мөн үеийнхээсээ 1.5%-р өсжээ

Нийтэлсэн

Гуравдугаар сард Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5%-р өсжээ. Тэгвэл оны эхний гурван сард CPI дунджаар мөн үеийнхээсээ 1.1%-р өссөн тухай Хятадын Статистикийн үндэсний газар 11-нд нийтэлсэн тоо баримтад дурджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өдгөө Хятад улсын инфляцын түвшин ерөнхийдөө тогтвортой байна. Гэвч олон улсын ээдрээтэй нөхцөлд газрын тос, нүүрс, үр тариа зэрэг түүхий эдийн хангамж болон үнийг тогтвортой байлгахад түлхүү анхаарал хандуулж, төрөл бүрийн эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна. Одоо та бүхэнд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Гуравдугаар сард дотоодын олон газарт цар тахал дэгдсэн, олон улсын түүхий эдийн үнэ өссөн зэрэг хүчин зүйлийн улмаас CPI өнгөрсөн сартайгаа дүйцэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс зохих хэмжээгээр өссөн байна. Тоо баримтад харуулснаар, гуравдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн үеийнхээс 1.5%-р, хүнсний бус бараа бүтээгдэхүүн үнэ мөн үеийнхээс 2.2%-р өсжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа нь Хятад улсын CPI хяналтад байж, ерөнхийдөө тогтвортой байгаагийн чухал хүчин зүйл гэж “Жүө Янь” зөвлөх компанийн судлаач Лю Шиньвэй хэллээ.

Лю Шиньвэй:“Гуравдугаар сарын CPI ер нь өсөх хандлагатай ч ерөнхийдөө тогтвортой байсан. Үүний нэг гол шалтгаан бол даруй Хятад улсын хүнсний төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байж, гахайн махны үнэ ханш мөн л нэлээд хямд үнийн түвшинд байсан явдал болно.”

Хүнснйи бүтээгдэхүүнийг нарийн хувааж авч үзвэл, гахайн махны үнэ 41.4%-р буурч, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сард 0.1%-р буурч байсан бол гуравдугаар сард 4.6%-р өссөн байна. Хүнсний бус бараа бүтээгдэхүүний хувьд, аж үйлдвэрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 3.5%-р өсөж, өсөлтийн индекс нь өнгөрсөн сарынхаас 0.4 нэгжээр илүү байв. Үүнд бензин, дизель болон шингэрүүлсэн газрын тос, байгалийн хийн үнэ ханш тусбүр 24.6%, 26.9%, 27.1%-р өссөн аж.

Тооцоолсноор, 3-р сард хүнсний болон эрчим хүчний үнийг хассан үндсэн хэрэглээний үнийн индекс тогтвортой байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1%-иар өссөн нь 2-р сарынхтай ижил өсөлттэй байна.

“Миншэн” Банкны ахлах судлаач Вэнь Бинь хэлэхдээ: “Одооны байдлаас харахад Хятад улсын инфляцын түвшин ерөнхийдөө хяналтад байж, мөнгөний бодлогод тавих хязгаарлалт харьцангуй хязгаарлагдмал байгаа ч оны дор хагаст гахайн мах болон тосны үнийн резонансын инфляцад үзүүлэх нөлөөллийг анхаарч үзэх хэрэгтэй.”

Мөн өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 3-р сард олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Хятадын үндэсний үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) өмнөх сарынхаас 1.1%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 8.3%-иар өссөн байна. Вэнь Бинь хэлэхдээ, дараагийн шатанд гадаад орчин ээдрээ донсолгоо ихтэй байгаа учраас зах зээлийн хүлээлтийг тогтворжуулахад тустай арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Вэнь Бинь:“Түүхий эдийн хангамж нийлүүлэлт болон үнийг үргэлжлэн тогтвортой байлгаж, татвар хураамжийг бууруулах бодлогыг яаралтай хэрэгжүүлэн, хөдөө аж ахуй, жижиг бизнесийг дэмжихэд чиглэсэн зээлийг оновчтой ашиглаж, технологийн шинэчлэл, өндөр настны хүртээмжтэй халамжийн тусгай зээл олгох гэх мэт олон арга хэмжээ авч, зах зээлд оролцогчдын хүндрэл бэрхшээлийг арилгаж, түүхий материалын үнийн өсөлт, үр дүнтэй эрэлт хэрэгцээ сул байгаагаас үүдэлтэй дарамтыг бууруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ гадаад орчин болон бодлогын өөрчлөлтөд анхаарлаа хандуулж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг  боловсруулан, төрөл бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.”

Exit mobile version