Эрүүл мэнд

ЭМЯ, ХӨСҮТ, ЦЕГ: Монголд коронавирус илрээгүй

Нийтэлсэн

Коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнууд ээлжит мэдээллээ хийлээ. Ард түмний дунд уг вирусийн халдвар манайд илэрчээ гэсэн яриа тархаад байгаа ч албаны хүмүүс өнөөдрийн мэдээллээрээ үүнийг эрс үгүйсгэлээ.

Тухайлбал Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Бид энэ өвчний талаарх үнэн бодит мэдээллийг өнгөрсөн хугацаанд олон нийтээс нуулгүй мэдээлсээр ирсэн. Өнөөдөр ч үнэн бодит мэдээллийг хүргэж байна. Цаашдаа ч гэсэн ил тодоор нууж хаалгүй мэдээлэх болно” гэсэн бол

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Энэ сарын 11 буюу өнгөрөгч мягмар гаригт Сүхбаатар, Замын-Үүдэд тус бүр хоёр сэжигтэй тохиолдлыг илрүүлж тусгаарласан боловч шинжилгээний хариу нь сөрөг буюу коронавирус биш гэж гарсан. Мөн Баян-Өлгийд тусгаарласан нэг хүний шинжилгээ өчигдөр манай эмнэлэгт ирсэн. Хариу нь удахгүй гарна. Өнгөрсөн хугацаанд бид сэжиг бүхий 120 хүнийг тусгаарлан шинжилгээ авсан ч бүгдийнх нь хариу сөрөг гарсан” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас энэ өвчинтэй холбоотой худал хуурмаг мэдээлэл цацаж, олон нийтийн сэтгэл зүйг үймүүлэхгүй байхыг хүсээд санаатай худал мэдээлэл цацсан хүмүүст хариуцлага тооцох болно гэдгийг хэллээ. Тэд өчигдөр оройноос эхлэн фэйсбүүкийг ашиглаж “өвчин илэрлээ” хэмээх худал мэдээлэл тараасан нэгэн эмэгтэйг шалгаж эхэлсэн аж.

Харин дэлхий дахинд:

CNN агентлаг “Коронавирусийн халдвар Хятадад асар хурдтай тархаж байна. Мэргэжлийн хүмүүс одоогоос долоо хоногийн өмнө энэ өвчний оргил үе удахгүй дуусна гэж хэлсэн нь худлаа болж таарлаа. Харин ч эсрэгээрээ ид дэгдэлтийн үедээ ирсэн болох нь ойлгомжтой байна” гэжээ.

Тэгвэл Английн BBC: “Хятадын өөрийнх нь хэвлэлүүдэд өнөө өглөөний байдлаар 14 840 тохиолдол илэрсэн гэж байгаа ч тус улсад амьдардаг албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэ тоо аль хэдийнэ 60 мянгыг давсан байж болзошгүй” гэсэн нь өрнөдийн хэвлэлүүдээс анх удаа албан бус эх сурвалжийн тоо баримтыг ашигласан хэрэг боллоо. Үүнээс өмнө барууны хэвлэлүүд энэ өвчинтэй холбоотой мэдээллийг дамжуулахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хятадын орон нутгийн хэвлэлүүдийн тоо баримтыг ашигласаар ирсэн юм. Гэвч BBC ийнхүү анх удаа албан бус тоо баримтыг зоригтой гаргаж тавилаа. Ялангуяа CNN, NYTimes зэрэг Америкийн хэвлэлүүд уг өвчний талаар мэдээлэхдээ ихээхэн болгоомжтой хандаж байгааг хэлэх хэрэгтэй.

Ройтерс агентлаг “Өнгөрөгч шөнө 175 шинэ тохиолдол илэрсний дийлэнхийг өвчний голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч нар эзэлж байна хэмээн өнөө өглөө мэдээллээ. Үүнээс гадна Европын хэд хэдэн хэвлэлд энэ өвчний талаар Хятадын эрх баригчдын өгч буй мэдээллээс тэс өөр мэдээллийг сошиал сүлжээ ашиглан дэлхий нийтэд идэвхтэй дамжуулж байсан блогчин залуу учир битүүлгээр амиа алдсан байж болзошгүй тухай бичжээ. Time сэтгүүлд бичсэнээр 34 настай уг эрэгтэйг дотнын найз нөхөд нь сүүлийн хэдэн өдөр хайгаад олохгүй байгаа гэнэ. Тэд найзыгаа алагдсан, эсвэл сураггүй алга болсон гэж үзэж байгаа аж.

Коронавирусийн эсрэг вакцин гарган авахаар арав гаруй орны эрдэмтэд тусдаа ажиллаж байгаа ч мэргэжлийн хүний хэлснээр тохирох вакцинийг эцсийн байдлаар хэрэглээнд нэвтрүүлэхэд дор хаяж хагас жилийн хугацаа шаардлагатай юм. Уг ажилд зориулж Билл Гэйтс, Жэк Ма зэрэг тэрбумтнууд 100 гаруй сая ам.долларыг хандивлажээ.

Exit mobile version