Нийгэм

Сошиалд бус Эрүүл мэндийн яамандаа итгэ, монголчууд аа!

Нийтэлсэн

Хорт хавдар л биш бол хэр баргийн өвчин тоодоггүй монголчууд вирусийн сургаар аминдаа хайртай болсон нь сайшаалтай. Эмийн сангуудад амны хаалт, ариутгагч бодис гүйлгээнд орж, ховрын бараа болсон төдийгүй гудамж талбайд нус цэрээ хаядаг хүн харагдахаа больжээ. Хүн бүр эрүүл мэндээ анхаарч эхэлсэн нь сайны дохио. Гэвч иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлж байгаа нь энэ гээд эмийн сангуудаар маск, ариутгагч бодисын хомсдол үүссэн бол сүүлдээ хүнс рүү орж8 дэлгүүрийн лангууг хоослоод амжсан. Үүнийг буруутгах аргагүй ч вирусийн сургаар хүмүүс дэлгүүрийн лангууг хоосолж, шатахуун, түлш нөөцөлж эхэллээ. Нийтлэлч Д.Цэнддоогийн хэлсэнчлэн шинэ коронавирус бус түүний дүйвээнээр нь бид өөрсдөө сүйрэх нь холгүй байх.

“Нэг эврийн үхэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нийгмийн сүлжээнд тархаад буй “Коронавирус Монголд ороод ирсэн” гэх ташаа мэдээллүүдэд итгэж байгаа нь монголчууд бид бие махбодын дархлаанаас илүүтэй оюун санаа, сэтгэлийн дархлаа суугаагүй, эхний давалгаанд л сайн дураараа живчих бололтой.

Гэтэл гурван сая бүү хэл 30 сая хүндээ хөл хорио тогтоосон БНХАУ-ын иргэд дор бүрнээ хариуцлагатай, үймж сандарсан зүйлгүй тайван байна. Халдвар бүртгэгдсэн бусад улс орнууд ч бас иргэддээ ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр.

Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээлсээр байхад нийгмийн сүлжээнд “Ороод ирчихсэн. Төрийн томчууд дарж байна. Хэд хэдэн хүн нас барчихсан”, “Анхаар: Олон Улсад дэгдээд буй уушгины хатгалгааны коронавирус Монголд бүртгэгдлээ”, “Тайвань улсаас ирсэн монгол иргэн өндөр халуурч, ХӨСҮТ-д тусгаарлагдаж нас барлаа” гэх мэтээр худал мэдээлэл тараах нь асуудлыг улам дэвэргэж буй. Хэрэв коронавирусийн халдвар батлагдлаа гэхэд нуух шаардлагагүй гэдгийг ч салбарын яамныхан мэдэгдэж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас Монголд коронавирус орж ирсэн талаарх худал мэдээлэл тараасан найман хүнийг шалгаж байгаа аж. Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 2-20 сая төгрөгөөр торгох заалттай. Энэ талаар “ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах албаны дарга П.Эрдэнэбат “Нийтэд цахим орчинд худал мэдээлэл тараадаг, төөрөгдүүлэх, уриалах, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ сарын 12-нд Чингэлтэй дүүргийн иргэн Г тараасан болохыг илрүүлсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн иргэдээс Ухань хотоос ирсэн гэж худал мэдээлэл өгөх дуудлагууд ирсээр байгаа нь алба хаагчдын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна. Тиймээс ташаа мэдээлэл тараавал хуулийн хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол төдийгүй дэлхий нийтээр түгшүүртэй нөхцөл байдал үүссэн ийм үед бид Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас гаргаж буй бодит мэдээлэлд итгэж, асуудалд тайван хүлээцтэй хандах учиртай. Тиймээс биш сошиалд хэдхэн лайк цуглуулж, халаасандаа мөнгөтэй явахын төлөө  зохиомлоор тараасан худал мэдээлэлд итгэх нь та болон таны гэр бүлийг хохироож, цаашлаад нийгэмд хар сүүдрээ тусгах аюултай.

Exit mobile version