CRI Монгол радио
Сергей Лавров: Орос тийм цэвэрхэн улс биш. Бид өөрийгөө хэн болохыг харуулахаас ичдэггүй
Украинд Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров гадаадын хэвлэлд цөөн удаа ярилцлага өгсөн билээ.
Харин өчигдөр буюу Пүрэв гарагт Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулганы үеэр тэр Их Британийн BBC сувагт Украины дайны талаар тусгайлан ярьсан байна.
“Бид Украиныг эзлэн түрэмгийлээгүй” гэж хэлсэн Лавров “Украиныг НАТО-д элсүүлэх нь гэмт хэрэг болохыг Өрнөдийнхөнд ойлгуулах өөр арга байгаагүй тул бид цэргийн тусгай ажиллагаа зарласан” гэж ярьжээ.
Тэрбээр өмнө нь өгсөн ярилцлагууддаа Кремлийн зорилго бол Украиныг нацизмаас цэвэрлэх (денацификация) хэмээн дахин дахин тайлбарлаж байсан юм.
Сэтгүүлч дайнд энгийн номхон иргэд олноор хэлмэгдэж байгаа тухай тоо баримт НҮБ-ын тайланд дурдагдсаныг сануулаад “Энэ тэгээд Нацистуудтай тулалдаж буй хэрэг үү?” хэмээн асуужээ.
Лавров уг асуултад хариулахдаа “Энэ үнэхээр харамсалтай. Гэхдээ НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын бусад төлөөлөгчид Өрнөдийн дарамт шахалт дор байгаа. Тэд ихэнхдээ Өрнөдийн худал хуурмаг мэдээг түгээгч болдог. Орос тийм ч цэвэрхэн улс биш. Оросын байгаа нь л энэ. Бид өөрийгөө хэн болохыг харуулахаас ичдэггүй” гэж хэлсэн байна.
Оросын тал Их Британийг найрсаг бус харилцаатай орнуудын тоонд багтаасан талаар асуухад тэр “Үүнээс өөрөөр харилцах арга байхгүй гэж би бодож байна. Учир нь Жонсон (ерөнхий сайд), Трасс (гадаад хэргийн сайд) нар Оросыг ялах ёстой, Оросыг сөхрүүлэх ёстой гэж ил тод ярьцгааж байна. Тэгвэл тэг л дээ!” гэж хариулжээ.
Украин руу халдан довтлох болсон нэг шалтгаанаа Оросын эрх баригчид тус улс дахь орос хэлт иргэдийн эсрэг геноцид үйлдэгдсэн гэж зөвтгөж байгаа.
BBC-гийн сэтгүүлч 2021 онд салан тусгаарлагчдын хяналтад байгаа Украины нутаг дэвсгэрт найман энгийн иргэн алагдсан тухай баримт байгааг Лавровт хэлээд “үхэл бүхэн эмгэнэлт явдал мөн хэдий ч үүнийг геноцид гэж үзэж болох уу. Үнэхээр геноцид болсон бол Донецк, Луганскийн салан тусгаарлагчид биднийг тэнд очиж үзэхийг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ?” хэмээн асуусан юм.
Лавров энэ асуултад “Мэдэхгүй байна” гэж товч хариулжээ. Одоо 72 настай Сергей Лавров сүүлийн 18 жилийн турш Оросын гадаад бодлогыг тодорхойлж байгаа. Украины дайн эхэлсний дараа Өрнөдийн орнууд түүнийг охиных нь хамт эдийн засгийн хоригоор шийтгэсэн юм.
Эх сурвалж: BBC