Дэлхий

Их Британийн арми хуурай газрын тулаанд Оросыг ялах чадвартай байх ёстой гэв

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсон Их Британийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга армийнхаа бүх бие бүрэлдэхүүнд Орос улсыг тулаанд ялах чадвартай байх ёстойг сануулжээ.

Генерал, сэр Патрик Сандерс нь 1941 оноос хойш Европ тивд том гүрний шууд оролцоотой дайн дэгдсэн цаг үед энэ албан тушаалд томилогдсон анхны хүн болж байгаа юм.

Их Британийн батлан хамгаалах яамны дотоод вэб сайтад нийтлэгдсэн түүний ил захидлыг BBC агентлаг олж аваад өчигдөр нийтэлжээ.

Их Британи болон түүний холбоотнуудын арми “хуурай газарт тулалдах, дайнд ялах өндөр бэлтгэлтэй байх”-ыг сануулсан Сандерс “Оросыг дайнд ялах чадвартай байх ёстойг” онцолсон байна.

Ерөнхийдөө улс бүрийн зэвсэгт хүчин тулааны бэлтгэлтэй байх ёстой ч өнөөдрийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг тэр анхааруулжээ.

“Украин дахь Оросын эзлэн түрэмгийлэл нь бидний үндсэн зорилго болох Их Британийг хамгаалахаас гадна хуурай газарт тулалдаж, ийм дайнд ялахад бэлэн байх ёстойг сануулж байна. Тухайлбал Оросын түрэмгийллийг хүчээр таслан зогсоох чадвартай байх шаардлага тавигдаж байна” гэж генерал Сандерс бичсэн байна.

Тэрбээр “Дэлхий хоёрдугаар сарын 24-нөөс хойш өөрчлөгдсөн бөгөөд одоо бидэнд холбоотнуудынхаа хамтаар Оросыг тулаанд ялах чадвартай арми байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж бичжээ.

НАТО-г бэхжүүлэх, армиа шинэчлэх, хүчийг нь зузаатгах ажлыг яаравчлах, Европын орнуудын газар нутгаас Орос улс нэмж эзлэх боломжийг хаах зэрэг шинэ зорилтууд тулгарч буйг тэр бас онцолсон байна.

Их Британийн засгийн газар 2021 оны гуравдугаар сард армийнхаа бие бүрэлдэхүүний хэмжээг бууруулах төлөвлөгөөг зарлаж байв. Төлөвлөгөө ёсоор тус улсын армийн алба хаагчийн тоо 2025 онд 72,500 болж буурах юм.

2010-2017 оны хооронд батлан хамгаалах төсвөө нийт 6.6 тэрбум фунт стерлингээр бууруулж байжээ.

Гэвч Украины дайн энэ бодлогыг өөрчлөхөд хүргэж байна. 2020 оны байдлаар ОХУ үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.14 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байсан бол Их Британийн хувьд энэ хэмжээ 2.33 хувь байгаа юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон парламентад үг хэлэхдээ “Европын хуурай газарт танкийн том тулалдаан болдог цаг өнгөрсөн. Тиймээс төсвөө бид илүү дээр зүйлд зарцуулах хэрэгтэй” гэж байжээ.

Ингэхдээ тэр агаарын зэвсэгт хүчин, кибер стратеги ирээдүйн дайныг тодорхойлох тул үүнд илүү анхаарал тавихыг уриалсан юм.

Гэвч генерал Сандерс ил захидалд хуурай газарт тулалдах чадвараа сайжруулах шаардлага өндөр хэвээр байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version