Эдийн засаг

Уул уурхайн чуулган “PDAC”-т Монголын өгсөн мессэж

Нийтэлсэн

Уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий Олон улсын чуулга уулзалтад дэлхийн 135 орны 23 мянга гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн иржээ. КОВИД-19 цар тахлаас үүдэн хоёр жил хэртэй завсарласан чуулганд улс орнууд идэвхтэй оролцож, уул уурхайн салбарынхаа бодлогыг уралдан танилцуулж, хөрөнгө оруулалт идэвхэжсэн өдрүүдээр амьсгалж байна.

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг Олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа нь уул уурхайн салбарынхны хувьд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, хүлээлт үүсгэдэг, стратегийн түншээ олдог хурал болсныг гэрчилж байгаа юм. Монгол Улсын хувьд 2006 оноос хойш 16 дахь жилдээ PDAC-т оролцож буй.

Энэ удаагийн чуулга уулзалтад манай улсаас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд болон Оюу Толгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ зэрэг манай улсын уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд оролцлоо. УУХҮ-ийн сайдын хувьд энэхүү чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, дэлхийд монголын уул уурхайн салбарыг сурталчлахад бодлогоо чиглүүлж, хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулах боломжийг хайн, уулзалт хурлуудаар амьсгалж, уул уурхайн салбарт тоглогч дэлхийн хөрөнгө оруулагчдыг талын монголд урьсан үйл явдлаар өрнүүн болж өнгөрөв.

 

“MONGOLIA PDAC 2022” БИЗНЕС ФОРУМЫГ ӨНДӨР ТҮВШИНД, АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд “MONGOLIA PDAC 2022” бизнес форум зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн юм. Түүний яриаг тоймлон хүргэж байна. Тэрбээр “Монгол Улс зэсийн салбараа цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ батарейн түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын хайгуулыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд хийж эхэлж байна. Мөн энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байгаа. 2050 онд гэхэд дэлхийн хүн амын 68 орчим хувь нь Ази тивд төвлөрөх судалгаа байна.

Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт дэд бүтэц томоохон үүрэг гүйцэтгэдэг учир томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр зам ашиглалтад орно. Цаашид уул уурхайн бүс нутаг дахь цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг бид дэвшүүлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах нь Засгийн газрын зорилт юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт тооцогдох зэс-алтны Оюутолгой төсөл, коксжих нүүрсний Тавантолгой төсөл болон олон арван төсөл амжилттай хэрэгжиж дэлхийн шилдэг техник, технологи нэвтэрч байна.

Үүний дүнд манай улс зэс, металлургийн нүүрс, алтны экспортод тулгуурласан, зургаан тэрбум долларын жилийн орлого бүхий орчин үеийн уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгож амжсан. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-наас салбарын хөгжлийг “Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын төслийг боловсруулсан. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүдийг илүү амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. Энэхүү бизнес форумд Оюу Толгой ХХК, Степ голд ХХК, Энержи Ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент корпораци, “Xanadu Mines”, “ION Energy” зэрэг компаниуд төслүүдээ танилцуулсан юм.

 

МОНГОЛД “УРЬСАН” УУЛЗАЛТУУД

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой тусгайлан уулзав. Дэлхийн уул уурхайн салбарыг “эзэнжүүлсэн” том байгууллагын удирдлага Монголын уул уурхайн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн нь анхаарал татна. Манай улсын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулан, гол хуулиуддаа өөрчлөлт шинэчлэлт хийх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Ноён Алекс Кристофер Монголын уул уурхайн салбар идэвхтэй оролцож буйд талархсанаа илэрхийлжээ. Энэ онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйтай PDAC чуулга уулзалтын 90 жилийн ой давхцаж байгаа нь онцлог юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, PDAC-н Ерөнхийлөгч Алекс Кристофер нар дурсгалын захидал солилцсон байна.

Энэ үеэр Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулжээ. Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй уул уурхайн компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хэрэгжүүлэх хүрээнд Канадын ойжуулалтын Бринкман форестейшн группийн захирал, хатагтай Жүди Тетротой уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан гээд уул уурхайн салбарынхан PDAC-аас богц дүүрэн ирж байна.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний шилжилттэй холбогдуулан цаашид метал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Манай улсын хувьд цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн хүчин чармайлт, түүн дотор хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр тэг болгох чиглэлд уул уурхайн салбарын тэргүүлэгч институциуд, компаниудын зүгээс гаргаж буй санал санаачлага, алхмуудыг анхааралтай ажиглаж байгаа” гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна.

 

КАНАДЫН ХАЙГУУЛЧ, ОЛБОРЛОГЧДЫН ХОЛБОО (PDAC)-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКС КРИСТОФЕРТОЙ УУЛЗАВ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой уулзав. Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон PDAC чуулга уулзалтыг 90 дэх удаагаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, энэхүү уулзалт хөрөнгө оруулагчдад сурталчлах чухал платформ болсныг тэмдэглэн хэлэв. Мөн Монгол Улс 2006 оноос хойш энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулан, гол хуулиуддаа өөрчлөлт шинэчлэлт хийх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн.

Д.АННА

Эх сурвалж: Өглөөний сонин

Exit mobile version