Нийгэм
Мандатгүй үлдэх гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх боллоо
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал тулсан учраас эрх баригчид бүхий л жижиг нам, гудамжнаас танигдсан улстөрчдийг өөрсдийнхөө талд зогсоож чадсан бололтой. Тэгэхээр хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх нь эргэлзээгүй болж, зарим гишүүд ихээхэн дургүй байгаа.
Тодотгож хэлбэл, айсуй 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатгүй хоцорч магадгүй гишүүд бүр ч их дургүйцлээ илэрхийлж байгааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. МАН-аас айсуй сонгуульд мандат авч чадахгүй олон хүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг гээд цааш үргэлжилнэ. Эдгээр гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрс эсэргүүцэж байгаагаас мандатгүй үлдэнэ гэдгийг нь харж болно.
Жишээ нь, пүрэв гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын тогтоолын төсөл орж ирсэн байна. Ард түмнээсээ асуух нь буруу ч биш. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал тусгай хуулиар зохицуулагддаг гэдгийг мэдэж байх ёстой. Тэр хууль дээр ард нийтийн оролцоог хангах, намууд шаардвал олон нийтээс асуулга явуулна гэдэг заалт байхгүй шүү дээ. Хуулийн төсөлгүй хэлэлцэж яагаад ч болохгүй. Үүнийг шийдсэнээр УИХ хууль зөрчинө. Харамсалтай нь, С.Одонтуяа дарга хуралдааныг даргалж байгаа болохоор Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах л болох нь дээ” хэмээлээ.
Ганц энэ ч биш, Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн нарын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж эхлэхээс л бухимдсан. Магадгүй, Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу байж болох ч эрхэм гишүүдийн хувьд тэс өөр асуудал байгааг эх сурвалж дуулгасан. Түүнээс бус тэд хамтаараа хүч түрэн шийдэж байгаа шийдвэрийн эсрэг дуугарч чадахгүй. Одоо бол нэгэнт мандатгүй үлдэж байгаа учраас хэргээр эсэргүүцэж байгаа нь илт харагдана.
Эх сурвалж: Өглөөний сонин