Энтертайнмент

Макс Ферстаппэн сүүлийн зургаан гарааныхаа тавд нь түрүүллээ

Нийтэлсэн

Formula 1-ийн 72 дахь улирлын ес дэх гараа буюу Канадын Гран-При тэмцээн Канадын Монреаль хотод байрлах “Circuit Gilles-Villeneuve” зам дээр боллоо. 4.361 км урт, 70 тойрогтой замд “Red Bull” багийн нисгэгч Макс Ферстаппэн түрүүлснээр аваргын төлөөх өрсөлдөөнийг хол тасархай хошуучилж байна.

Гарааны эхэнд байсан Ferrari багийн Карлос Сайнз замын дунд тэргүүллээ алдаж аман хүзүүдсэн бол бүх цаг үеийн шилдэг Льюис Хэмилтон ойрд байгаагүйгээр сайн уралдаж гуравдугаар байрт орлоо. Тэрээр улирлын эхний Бахрейны Гран-При тэмцээнээс хойш тэргүүн гурван байрт ороогүй байв. /Тойм бичлэг үзэх/

Макс Ферстаппэн ба Карлос Сайнз
Макс Ферстаппэн ба Карлос Сайнз

Уралдааны эхэнд Ферстаппэний хамтрагч Серхио Перезийн хөдөлгүүр гэмтэж тэмцээнээ дуусгасан бол энэ асуудал “Haas” багийн Мик Шумахерт мөн тохиолдов.

49-р тойрогт “AlphaTauri” багийн Юүки Цүнода хашлага мөргөснөөр нисгэгчид гараанаас дахин цуварч гарсан бөгөөд уг явдал Макс Ферстаппэний хожлын цувралд саад болсонгүй.

Канадын гарааны үр дүн:

Макс Ферстаппэн (Red Bull) – 25 оноо
Карлос Сайнз (Ferrari) – 19 оноо
Льюис Хэмилтон (Mercedes) – 15 оноо
Жорж Рассел (Mercedes) – 12 оноо
Чарльз Леклер (Ferrari) – 10 оноо
Эстебан Окон (Alpine) – 8 оноо
Валтьери Боттас (Alfa Romeo) – 6 оноо
Жөү Гуан Ю (Alfa Romeo) – 4 оноо
Фернандо Алонзо (Alpine) – 2 оноо
Ланс Стролл (Aston Martin) – 1 оноо

Alpine багийн хамтрагчид энэ гараанд нийлээд 10 оноо авсан бол хашир туршлагатай Валтьери Боттас Alfa Romeo багийн хоёрдугаар нисгэгч Хятад залуу Жөү Гуан Юг дагуулан 7 болон 8-р байрыг эзлэв. Шинэ нисгэгч Жөү Гуан Югийн хувьд хоёр дахь удаа оноо авсан нь энэ байв.

Exit mobile version