Дэлхий

Өмнөд Солонгос улс дэлхийн сансрын гүрэн боллоо

Нийтэлсэн

Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгос улс дотооддоо бүтээсэн Нүри пуужинг сансарт амжилттай хөөргөлөө.

Гурван үе давхаргатай Нүри пуужин өчигдөр үдээс хойш тус улсын өмнөд эргээс холгүй жижиг арал дээр оршдог Наро Сансрын Төвөөс хөөрсөн байна.

Улмаар 14 минутын дараа 700 км өндөрт хүрснийхээ дараа туршилтын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулжээ.

“Солонгост бүтээсэн сансрын пуужин Нүри амжилттай хөөрлөө. Бид улс орныхоо шинжлэх ухаан, технологийн түүхэнд шинэ хуудас нээж байна” гэж Өмнөд Солонгосын шинжлэх ухааны сайд И Жон Хо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

зураг

Нүри пуужинг хөөргөх эхний оролдлого өнгөрсөн оны аравдугаар сард амжилтгүй болж байжээ.

Тухайн үед пуужин газраас дээш 700 км өндөрт хүрсэн ч гэмтлийн улмаас хиймэл дагуулаа тойрог замд байрлуулж чадаагүй юм.

Өчигдрийн амжилттай хөөргөлтийн дараа Өмнөд Солонгос нь нэг тонноос дээш жинтэй хиймэл дагуулыг тойрог замд хүргэж чадсан дэлхийн долоо дахь улс болж, АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын Холбоо, Энэтхэгийн дараа түүхэнд бичигдэж байна.

Бас өөрийн хөгжүүлсэн технологийн тусламжтай сансарт ачаа тээвэрлэсэн дэлхийн арав дахь улс болж байгаа ажээ.

Одоо тус улс ирэх таван жилийн хугацаанд Нүри пуужинг дөрвөн удаа сансарт хөөргөх ба 2030 онд сар руу судалгааны станц илгээхээр төлөвлөж байна.

Ингэснээр Өмнөд Солонгос нь хөрш Умард Солонгосоос сансрын технологиор илүүрхэх боломжтой болж байгаа. Умард Солонгосын хувьд 2012, 2016 онуудад дэлхийг тойрог замаас ажиглах хиймэл дагуулуудыг хөөргөж байсан ч тэдгээр нь ажиллаж байгаа гэсэн баталгаа одоог хүртэл байхгүй байна.

Өмнөд Солонгосын хувьд 1990-ээд оноос хойш хэд хэдэн хиймэл дагуул сансарт хөөргөхдөө үргэлж бусад улсын пуужинд дайгддаг байжээ.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version