Нийгэм

Баянзүрх: Наадмын өмнө Зуны их цэвэрлэгээг зохион байгуулна

Нийтэлсэн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр /2022.06.21/ боллоо. Өмнөх удаагийн шуурхай зөвлөгөөн 90.1 хувийн ирцтэйгээр эхэлж, 17 чиглэлээр 75 газар, хэлтэст үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын биелэлт болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар ажил зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 6,21-р хороо энэ оны эхний хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Баянзүрх дүүргийн 6-р хороо энэ оныг иргэндээ ээлтэй жил болгон зарласан. Хороонд энэ онд Дээврийн засварын ажил, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Үүнээс гадна өөрсдөө санаачилж гудамжны номын санг байгуулан ажиллаж байна. Хүүхдийн оюуныг тэтгэх үүднээс гарын доорх материал ашиглаж ийнхүү гудамжны номын сан байгуулсан нь олны хүртээл болоод байгаа юм.

Харин 21-р хорооны хувьд хороонд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй идэвхтэй ажил хайж байгаа иргэдийг холбон зуучлах, “Ганцын задгай”-д зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаях зөрчлийг таслан зогсоох зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж хавар 1000 ширхэг мод тарьсан. Намар энэ тооны мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

 

Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс энэ оны эхний хагас жилийн байдлаар 243 обьектын гал түймэр унтраасан. Мөн 306 иргэний амь насыг авран хамгаалжээ. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс хороодын засаг дарга нарыг СӨХ ус соруулах насостой болох, үерийн далан сувгийг цэвэрлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэж ажиллахыг дүүргийн онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.

Баянзүрх дүүргийн хэмжээнд улирал бүр их цэвэрлэгээг зохион байгуулдаг. Энэ удаад 7-р сарын 8,9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тиймээс Үндэсний их баяр наадмын үеэр эрүүл орчинд наадахын тулд их цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулах, аж ахуй нэгж, иргэдийг идэвхтэй оролцуулахыг Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Exit mobile version