Дэлхий

Финланд, Шведэд НАТО цэргээ байрлуулбал ОХУ “хариу арга хэмжээ авна” гэж Путин хэлэв

Нийтэлсэн

Хэрвээ Финланд, Швед улсуудын нутаг дэвсгэрт НАТО цэргээ байрлуулж, баазаа байгуулбал “хариу арга хэмжээ” авахаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр амлажээ.

Тэрбээр өчигдөр Туркменистанд болж буй Каспийн тэнгисийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцсоныхоо дараа Оросын төв телевизэд ярилцлага өгсөн юм.

“Бидэнд Украиных шиг асуудал Швед, Финландын хувьд байхгүй. Тэд НАТО-д элсэхийг хүсэж байгаа бол элсэг. Гэхдээ цэргийн бие бүрэлдэхүүн, дэд бүтцийг тэнд байрлуулбал бид яг адилхан хариу арга хэмжээ авч, бидэнд учруулсантай ижил аюул бий болгох хэрэгтэйг тэд ойлгох ёстой” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Тэрбээр цааш нь “Бидний харилцаа өмнө нь сайн байсан бол одоо зөрчил үүсэх нь нэгэнт тодорхой боллоо. Бидэнд заналхийлбэл ийм зүйл болох нь гарцаагүй” гэж хэлсэн байна.

Мягмар гарагт Мадрид хотод үргэлжилж буй НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр Турк улс Финланд, Швед улсуудыг гишүүнээр элсүүлэхэд тавиад байсан хоригоо цуцлахаар тохиролцсон юм.

Ингэснээр Умард Европын хоёр улс НАТО-гийн гишүүн болох зам засагдаж байна.

Өчигдөр Путин хэлэхдээ Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжиж байгаа, үүнийг хэзээ дуусах талаар хугацаа товлох шаардлагагүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version