CRI Монгол радио
Нэг санаачилга, нэг үзэл баримтлал, нэг төмөр зам, нэг хэлэлцээр…
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо 7-р сарын 25-26-ны өдөр Хятадад айлчлах гэж байна. Ингэснээр Жоко Видодо нь Бээжингийн өвлийн олимпын дараа Хятад улсад айлчлах гэж буй анхны гадаадын төрийн тэргүүн бөгөөд энэ нь Хятад, Индонезийн найрсаг харилцаа стратегийн өндөр түвшинд хүрч байгааг харуулж байна. Мөн хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад эрч хүч нэмэрлэх юм. Хоёр орны харилцааны хөгжил, үүх түүхийг ярихад яалт ч үгүй нэг санаачилга, нэг үзэл баримтлал, нэг төмөр зам, нэг хэлэлцээрийг дурдахгүй байхын аргагүй юм. Тухайлбал:
Нэг санаачилга: 2013 оны 10-р сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн парламентад илтгэл тавихаа “21-р зууны тэнгисийн торгоны зам”-ыг хамтран байгуулах санаачилгыг анх дэвшүүлсэн юм. “Бүс ба зам” санаачилгын чухал агуулга болох уг санаачилгыг дурдсаны дараах сүүлийн 8 жил гаруйн хугацаанд Индонез үндэсний хөгжлийн стратегиа үүнтэй нягт уялдуулснаар өөрийн орны дэд бүтцийн бүтээн байгуулалтын түвшнээ дээшлүүлснээр барахгүй Индонез-Хятад хоорондын эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд нааштай ахиц дэвшил гаргасан юм.
Нэг үзэл баримтлал: 2015 оны 4-р сарын 24-нд Ши Жиньпин Индонезод зохиогдсон Ази-Африкийн удирдагчдын уулзалтад оролцсон олон орны удирдлагуудын хамт Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцсон юм.
1955 оны 4-р сарын 18-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жөү Эньлай нарын зэрэг Ази, Африкийн 29 улс орон, бүс нутгийн удирдагч хуралдаж, чухал нийтлэг ойлголтод хүрч байсныг хожмын хүмүүс “Бандунгийн үзэл баримтлал” хэмээн хүндэтгэн нэрлэсэн байдаг.
Нэг төмөр зам: 142 километр урт, цагт хамгийн ихдээ 350 километр хурдлах боломжтой Жакарт-Бандунгийн хурдны галт тэрэг нь Хятадын хурдны галт тэрэгний бүхэл бүтэн технологийг ашигласан Индонез, тэрчлэн Зүүн өмнөд Азийн анхны хурдны галт тэрэг юм. Одоогоор Жакарт-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний барилгын ажлын 91 гаруй хувь нь дуусаад байна.
Нэг хэлэлцээр: 2011 онд АСЕАН-ы дарга орон байхдаа Индонез “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр (RCEP)” санаачилгыг дурдсан юм. 2020 оны 11-р сарын 15-нд Индонезыг оролцуулсан АСЕАН-ы арван орон болон Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд уг хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж, 2022 оны 1-р сарын 1-ээс албан ёсоор хэрэгжүүлсэн юм. RCEP нь одоогоор гэрээлэгч 15 оронтой бөгөөд хүн ам, эдийн засаг, худалдаа зэргээрээ дэлхийн нийт хэмжээний 30 орчим хувийг эзэлж байдаг. Хэлэлцээрийн дагуу бүс нутгийн дотооддоо 90 хувийн бараа бүтээгдэхүүний худалдааг гаалийн тарифаас чөлөөлөх юм.