Эдийн засаг

“Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхэлнэ

Нийтэлсэн

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санаачилсан “Транзит монгол ” хөтөлбөр, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрүүдийн  хүрээнд  тээвэр ложистикийн хөгжил түүний уялдаа холбоог сэргээн хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Энэхүү зорилтуудын гол төсөл хөтөлбөр нь  Азийн авто замын нэгдсэн сүлжээний AH3 чиглэл буюу  БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн МУ-ын Замын-Үүд,  Алтанбулаг боомтуудаар дамжин, ОХУ-ын  Улан-Үүд хот хүртэлх нийт 2648 км үргэлжлэх хурдны авто замын төсөл юм.

Уг төсөл нь Монгол улсын төдийгүй хөрш ОХУ, БНХАУ болон цаашлаад Европ-Ази тивийн улс түмнүүдийн хооронд бараа, капиталын чөлөөт урсгал, худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой. Энэхүү коридорын гол зангилаа нь Монгол улсын нутаг дэвсгэрээр  дайран өнгөрөх 1000 км олон улсын хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр  Чингис Лэнд Девелопмент Групп  2012 оны 7-р сард шалгарсан билээ.

Төсөл хэрэгжилтийн 10-н жилийн хугацаанд  Чингис Лэнд Девелопмент групп нь дэлхийн өндөр хөгжилтэй Итали, Англи улсуудын нэр хүнд бүхий Зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу  төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр нь олон улсын түвшинд хийж гүйцэтгэн  “Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын Банк” болон Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын санхүүжилтээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болоод байна. Энэхүү транзит тээврийн хурдны авто зам нь 2 урсгал 6 эгнээ бүхий мал ан амьтаны бэлчээр сэлгэх гарц, элсэний нүүдэл хаах ногоон байгууламж, зам дагуух амралт үйлчилгээний цогцолбор болон шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох мөн зам барилгын ажлын оргил үед ДНБ 65 их наяд төгрөгт хүрэх ба үүний 21 хувийг зам барилгын бүтээн байгуулалтын ажил өсгөнө.

Эдийн засагт 10 тэрбум ам доллар орж ирсэнээр гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж төсөл эхлэхээс дуусах хүртэл хугацаанд шууд болон шууд бус нөлөөллөөр 150 мянган ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин жилд дунджаар 40 хувь буурах, улсын төсвийн орлогын тогтвортой өсөлтийн 25-30 хувийг хурдны авто замын төсөл дангаараа хангах тооцоо судалгаа гарсан зэрэг эдийн засгийн болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх үндэсний хэмжэээний биет бүтээн байгуулалт юм.

Exit mobile version