CRI Монгол радио

БНХАУ, Монгол Улсын гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 8-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Улаанбаатарт Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв.

Б.Ватцэцэг хэлэхдээ: Хятадын тал найрсаг дотно, чин үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай сайн хөршийн найрсаг бодлого баримталж буйг Монголын тал сайшааж байна. Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг сайшааж байгаагийн зэрэгцээ оролцоход ч бэлэн байна. Олон улсын хууль, олон улсын дэглэмийг хамгаалахад оруулсан Хятадын талын хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Хятадын тал хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримтлан том гүрний үүрэг хариуцлагаа харуулж, Монгол улс зэрэг өргөн олон хөгжиж буй орнууд цар тахлын халдварын эсрэг тэмцэхэд хүчтэй дэмжлэг туслалцаагаа олгосон, Монголын тал үүнд чин сэтгэлээсээ талархаж байгаа бөгөөд үүрд мартахгүй юм. Найрсаг хөрш Хятад улстай харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх нь Монголын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хоёр тал дээд зиндааны нягт харилцаа холбоотой байгаад Монголын тал сэтгэн хангалуун байна, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, стратегийн ойлголцлоо эрчимжүүлж, хөгжлийн стратегийн холболтоо гүнзгийрүүлэн, эдийн засаг худалдаа, эрчим хүч, боомт, хөдөө аж ахуй, хууль хэрэгжилт, ногоон хөгжил, шинэ бүтээмж, хүмүүнлэгийн зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, үлгэр жишиг төслийг илүү олныг бүтээн байгуулж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг авчрахад бэлэн байна гэв.

Ван И хэлэхдээ: Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлсэн сайн хөрш, итгэлтэй сайн анд, бие биенээ дэмждэг сайн түнш юм. Хятад, Монголын харилцааг Хятадын тал ямагт хөрш орнуудын хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн нэг болгодог. Хоёр орны удирдагчдын удирдлага дор Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бэхжин гүнзгийрч, тасралтгүй шинэ шатанд ахисан юм. Хоёр орон эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэн, “Хониороо туслан, хариуд нь цайгаа бэлгэлсэн” сайн сайхан үйл явдал нь хоёр орны найрамдалд шинэ хуудсыг бичиглэсэн билээ. Хятадын талын зүй ёсны үзэл баримтлалыг Монголын тал ойлгон дэмжиж буйг Хятадын тал сайшааж байна. Монголын тал улс төр нь тогтвортой, нийгэм нь эвсэг зохицонгуй байж, өөрийн улс орныхоо байдалд зохицсон хөгжлийн замналаар замнан, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэтийн зорилтоор мэрийн урагшлахыг дэмжинэ. Харилцан бие биенийхээ амин чухал ашиг сонирхолыг цаашид ч сайтар хамгаалах болно гэв.

Ван И хэлэхдээ: Монголын талтай хөгжлийн стратегийн холболтоо эрчимжүүлж, ялангуяа “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилга ба Монголын талын “Талын зам” санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга ба Монголын талын “Шинэ сэргэлтийн бодлого”, 2020-2035, 2035-2050 он хүртэлх хоёр үе шаттайгаар хөгжих стратегийн зорилт ба Монголын талын урт хугацааны хөгжлийн хэтийн төлөвийг холбож, хамтдаа хичээл зүтгэл гарган бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжил сэргэлтийг түргэтгэхэд бие биедээ түлхэц өгөхөд Хятадын тал бэлэн байна гэв.

Хоёр орны гадаад харилцааны салбарын харилцаа солилцоог нэмэгдүүлэн, энэ ондоо багтаан дипломат харилцааны стратегийн зөвшилцөл, бодлого, консулын зэрэг яриа хэлцэл өрнүүлэхэд хоёр тал санал нэгдэв.

Хоёр тал цаашид эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологийн нэгдсэн комисс, уурхай ашигт малтмал хийгээд дэд бүтцийн түншлэлийн хамтын ажиллагааны комисс зэрэг механизмын хурлыг сайтар хуралдуулан, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дунд, урт хугацааны төлөвлөгөөг судлан гаргаж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, чухал төслийг тогтвортой урагш ахиулж, хоёр талын аж ахуйн нэгжүүд нөгөө оронд очиж хөрөнгө оруулан үйлс босгоход бизнес эрхлэлтийн таатай орчноор хангах болно.

Хуурайн боомтуудын нээж болохыг нь бүгдийг нь нээсэнд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд боомтуудын аюулгүй, тогтвортой үйл ажиллагааг баталгаажуулан, ачаа бараа нэвтрүүлэх хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэхээр болов.

Цаашид хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэн, хоёр орны найрсаг харилцааны иргэдийн болон нийгмийн суурийг бэхжүүлнэ гэв. Хятадын тал Монголын талд олгох сурлагын тэтгэлгээг нэмэгдүүлж, Монгол улсын оюутан сурагчид Хятад улсад буцан ирж хичээл сурлагаа үргэлжлүүлэхэд нь хялбар дөхөм нөхцөл хангах болно.

Хоёр тал мөн цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг засах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар идэвхтэй хамтран ажиллахаар болов. Монголын талын дурдсан “Тэрбум мод тарих” төлөвлөгөөг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Хятад улс ирэх 10 жилийн дотор багтаан 70 тэрбум мод тарихаар хичээн чармайх юм, Монголын талтай харилцан дэмжиж, хүн ба байгалийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна.

Хоёр тал ШХАБ зэргийн хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа үргэлжлүүлэн чангатгахаар болов. Ван И хэлэхдээ: Монголын тал олон улс, бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжиж байна гэв.

Хэлэлцээний дараа хоёр тал Гадаад харилцааны яамны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуран, мөн төмөр замын боомт, эрүүл мэнд, хижгийн сэргийлэлт хорио цээрийн хамтын ажиллагаа зэргийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.

Exit mobile version