CRI Монгол радио

Хятадын эдийн засгийг ажиглах нь

Нийтэлсэн

Хятад улс оны эхний долоон сарын эдийн засгийн үзүүлэлтүүдээ дараалан нийтэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны хамгийн том түншийн хувьд Хятадын эдийн засгийн ирээдүйн чиг хандлага дэлхийн эдийн засагтай нягт холбогдож байгаа юм.

Хятадын Үндэсний статистикийн газрын судалгааны баг ковид-19 цар тахал дэгдсэнээс хойшхи улс орнуудын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах бодлого, макро эдийн засгийн чиг хандлага, эдийн засгийн алдагдлын түвшин хооронд загварын судалгаа хийсний дүнд, 2020-2022 оны эхний хагас жилийн байдлаар, Хятадын хатуу хяналттай нөхцөл байдалд эдийн засгийн нийт алдагдлын хэмжээ ердөө 2.3 хувь байжээ. Харин урьдчилан сэргийлэх, хянах нэлээд хатуу арга хэмжээ авсан Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд, идэвхгүй арга хэмжээ авсан Герман, Франц орнууд түүнчлэн маш идэвхгүй арга хэмжээ хэрэгжүүлсэн АНУ, Их Британи орнуудын эдийн засгийн алдагдал тус тус 3.9, 5.5, 5.9 хувьд хүрчээ.

Үүний зэрэгцээ, макро эдийн засгийн бодлогын нөлөөллийг хассан байдалд Хятадын эдийн засгийн алдагдлын түвшин дээр дурдсан томоохон орнуудын дунд хамгийн доод түвшинд байсан юм.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн “Хятадын “халдварыг тэглэх” бодлогын арга хэмжээнүүдээс бусад орны суралцах зүйл” гэсэн гарчигтай өгүүлэлд, “Хятадын ннэхүү бодлого нь хоёр жилийн өмнө улс орнуудын эрэлхийлж байсан, нас баралтын түвшин дор, эдийн засгийн хямрал аль болох бага байх зорилтыг бодитой хангаж чадсан юм. Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх загвар нь халдварын эсрэг тэмцэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн хөгжлийг орхигдуулаагүйгээрээ үр дүнд хүрч чадсан юм. Тодорхой жишээ гэвэл, энэ оны эхний хагаст дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлтийн хүлээлт бүгд буурч байхад Хятадын экспортын тоо бүртгэл нь өсөлтийн тод жишээ болсон юм.

Хятад улс халдварыг тэглэх бодлого хэрэгжүүлснээр, хүн хүч, материаллаг эдийн засаг, нийгмийн зардлыг багасгаж, эдийн засаг нийгмийн үндсэн тогтвортой байдлыг баталгаажуулж чаджээ.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын статистик мэдээнаас харахад, цар тахлын үеэр Хятад улсын дэлхийн барааны экспортод эзлэх хувь 2019 онд 13 хувь байснаас 2021 оны эцэс гэхэд 15 хувьд хүрсэн байна. Тахал дөнгөж дэгдэж байсан 2020 онд АНУ-д импортын амны хаалтын 83 хувийг, хамгаалалтын хувцасны гуравны хоёрыг, вакцин хадгалах зориулалттай хайрцаг хэлбэрийн хөргөгчний 90 хувийг Хятадаас хангаж, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл ид цэцэглэсэн билээ. Хятад улс тахал өвчнөөс чанд хамгаалж байсан нь аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, бусад орнуудын халдвартай тэмцэх, үйлдвэрлэл, амьжиргааны хэрэгцээг хангахад Хятадын үйлдвэрлэл нь бүрэн баталгаа болжээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын ээдрээтэй нөхцөлд бодлого, худалдааны тогтвортой орчин нь илүү сонирхол татахуйц болж, олон улсын хөрөнгийн эрчимтэй урсгал нь итгэл үнэмшлийг илүү төрүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө Хятадын Худалдааны яамны мэдээлснээс үзвэл, энэ оны 1-7-р сард Хятадын хэмжээнд гадаад хөрөнгийн бодит зарцуулалт 798 тэрбум 330 сая юанд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь итгэл үнэмшлийн нотолгоо болж байгаа юм.

Хятадын Худалдааны яамны тоо баримтаас харахад, Хятадад хөрөнгө оруулах дөрвөн гол эх үүсвэр нь Америк, Япон, Өмнөд Солонгос, Герман юм. АНУ-аас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 36.3 хувиар нэмэгджээ.

Хятад дахь Америкийн худалдааны нийгэмлэг энэ жил нийтэлсэн Хятадад үйл ажиллагаа явуулж буй Америкийн компаниудын 2022 оны цагаан номд дурдсанаар, компаниудын гуравны хоёроос илүү хувь нь Хятад улсыг тэргүүлэх зах зээл хэмээн эрэмбэлсээр байна. Улс орныхоо тэргүүлэх салбаруудын “манлайлагчийг” Хятадад авчирна гэдэг эдийн засгийн хувьд ихээхэн том итгэл гэсэн үг юм. Дэлхий дахины хэмжээнд ажиглавал Америк, Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг орнууд нь Америк тив, Ази Номхон далай, Европ тивийн бүс нутгуудын эдийн засгийн тэргүүлэгч бөгөөд тэдний сонголт маш үнэмшилтэй юм.

Саяхан Олон улсын валютын сан Зээлийн тусгай эрх (SDR) дахь юанийн хэмжээг 2016 онд 10.92 хувь байсныг 12.28 хувьд хүргэв. Энэ тоо нь Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд итгэж байгааг харуулж байна.

Exit mobile version