Дэлхий

Барак Обама телевизийн салбарын “Оскар” гэгддэг “Эмми”-гийн шагнал хүртжээ

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Нетфликсийн “Бидний аугаа их үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд” баримтат цувралаар “Шилдэг өгүүлэгч” төрөлд “Эмми”-гийн шагнал хүртжээ. Шилдэг хүүрнэн өгүүлэгч номинацид байгалийн тухай кино бүтээдгээр алдартай, найруулагч Дэвид Аттенборо, жүжигчин Люпита Нионго, нэрт сагсан бөмбөгчин Карим Абдул-Жаббар нар мөн нэр дэвшсэн байна.

“Эмми”-гийн шагнал нь Оскарын шагналтай дүйцэхүйц Америкийн телевизийн хамгийн том шагнал юм.

Барак Обама өмнө нь “Итгэлийн зориг”, “Аавын минь мөрөөдөл” зэрэг аудио номоороо хоёр ч удаа “Грэмми”-гийн шагнал хүртэж байсан бөгөөд “Эмми”-тэй болсноор тэрээр “Эмми”, “Грэмми”, “Оскар” болон театрын шилдгүүдийг шалгаруулах “Тони”-гийн шагналтай хүмүүсийн “Эгот” зэрэглэлтэй болоход тун ойрхон байгаа аж. Өнөөдрийн байдлаар Мел Брукс, Вупи Голдберг, Одри Хепберн, Женнифер Хадсон зэрэг 17 хүн л “Эгот” зэрэглэлд хүрсэн байдаг гэнэ.

Түүний шагнал хүртсэн Нетфликсийн цувралд АНУ, Чили, Кени, Индонез болон бусад орны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг ан амьтдын тухай өгүүлдэг аж. Уг киноны продюсерээр 2017 онд Обама ажлаа өгснийхөө дараа эхнэрийн хамт үүсгэн байгуулсан “Higher Ground” компани ажиллажээ. “Higher Ground” нь зөвхөн Нетфликст зориулж кино хийдэг бөгөөд хэдэн арван сая долларын гэрээ байгуулдаг байна.

Ийнхүү Барак Обама “Эмми”-гийн шагнал хүртсэн АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр 1956 онд уг шагналыг авчээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version