Нийгэм

ОХУ-ын Эрхүү хотноо болсон олон улсын хуралд амжилттай оролцлоо

Нийтэлсэн

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнгээс зохион байгуулсан V дахь удаагийн “Resources, environment and regional sustainable development in northeast Asia” олон улсын хурал 2022 оны 8-р сарын 23-26 хооронд Эрхүү хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Энх-Амгалан, Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Отгонхүү, Г.Урантамир, П.Цэенханд, Физик газарзүй, орчин судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батням нар оролцлоо.

Тус хуралд  В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Далайд гарцгүй ОХУ (Сибирь) болон Монгол орны байгаль ашиглалт, нутагшилт, аж ахуйн эрхлэлтийн тулгуур тэнхлэг бүрэлдэх газарзүйн онцлогийг Евроазийн интеграцитай холбон судлах нь (2020-2022)” гадаадтай хамтарсан төслийн хүрээнд судлаач Г.Урантамир “Тээврийн сүлжээг МСDA ашиглан үнэлэх нь: Монгол улсын тээврийн дэд бүтцийн тэнхлэгийн жишээн дээр” сэдвээр, судлаач П.Цэенханд “Монгол Улсын хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг стратегийн төв хотуудын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, таталцлын кластер бүсийг тодорхойлох нь” сэдвээр, мөн тус хүрээлэнтэй хамтарсан “Байгаль нуурын сав дагуух хот, суурин газруудын байгалийн нөөцийн чадавхи (2019-2022)” гадаадтай хамтарсан төслийн хүрээнд судлаач Ц.Отгонхүү “Улаанбаатар хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, ирээдүйн хандлага” сэдвээр, судлаач Ц.Батням “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн чадавхын үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын Монгол талын оролцогчид В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнгийн захирал, доктор Владимиров И.Н, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Емельянова Н.В, Шинжлэх ухаан хариуцсан захирал, доктор Плюснин В.М нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон хоёр улсын хэмжээнд төдийгүй, Монгол, Орос, Хятад гурван улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлэх боломжит төслийн талаар санал солилцлоо. Хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх талд дээр илүү ач холбогдол өгч ажиллахаа тус хүрээлэн захирал болон удирдлагын баг илэрхийллээ.

 

Хурлын үеэр хамтарсан төслүүдийн Оросын талын удирдагч, доктор Корытный Л.М болон доктор Безруков Л.А нартай уулзалт хийлээ. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн үйл явц, судалгааны ажлын хүрээнд хийгдэх ажлууд, хамтарсан бүтээл, дараагийн хамтарсан төсөл, суурь судалгааны чиглэлээр санал солилцлоо.

Мөн хурлын үеэр В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн лабораторийн эрхлэгч, доктор Заборцева Т.И болон тус лабораторийн бусад эрдэмтэн, судлаачидтай уулзлаа. Уулзалтын үер хоёр салбарын судалгааны тэргүүлэх чиглэл, өмнө хийж гүйцэтгэсэн болон одоо хэрэгжүүлж буй төслийн талаар ярилцаж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тал дээр санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд “Бүсийн түвшинд нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн төлөвлөлт” хийх, “Гурван улсын эдийн засгийн коридорын дагуух нийгэм, эдийн засгийн цогцолбор судалгаа”, “Хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн цогц судалгаа”-ны чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр, хэрэгжүүлэх, залуу ажилчдыг солилцох байдлаар ажлын туршлага суулгах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар

Exit mobile version