Улс төр

Г.Занданшатар: Тайландын Хаант Улс болон манай улсын хооронд ноолуурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.05) Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ноён Журин Лаксанависит-ы манай улсад хийж буй албан ёсны айлчлал нь энэхүү бат бөх харилцааг илтгэнэ хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв.

зураг

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 онд дипломат харилцаа тогтоож, энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг 10 удаа зохион байгуулсан. Миний бие 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Тайланд Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан. Улс төр, эдийн засгийн яриа хэлцлийг хөнгөвчлөх үүднээс өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хэвээр хадгалах саналтай байна. Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий. Тухайлбал, манай улсын ноолуурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна. Манай хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 50 сая ам.долларт хүрсэн нь чамлалттай үзүүлэлт юм. Иймд бид Монгол, Тайландын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, экспортыг дэмжих замаар шаардлагатай арга хэмжээг авах хүсэлтэй байна. Энэ хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах болсон нь дээрх зорилтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

зураг

Шадар сайд Журин Лаксанависит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Тайландын Хаант Улсын парламентын гишүүнээр 11 удаа сонгогдон ажиллаж байсан хэдий ч Монгол Улсад айлчлах завшаан ийнхүү тохиож байгаад туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурснаар манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Үүнийг бодит үр дүнд хүргэхэд бүхий л чадлаараа ажиллах болно. Мөн хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна гэв.

зураг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Тайландын хамтын ажиллагааны 5 жилийн ажлын төлөвлөгөө (2022-2027) байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын худалдааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, аялал жуулчлалын салбар зэрэг бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Exit mobile version