Дэлхий

Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс боллоо

Нийтэлсэн

Өнөөдөр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг залгамжлах хүнээр гадаад хэргийн сайд Лиз Трасс тодорлоо.

Хоёр сар үргэлжилсэн Консерватив намын даргын сунгаа өнөөдөр өндөрлөхөд тэр өрсөлдөгч Риши Сунакаас авсан саналын тоогоор илүүрхжээ.

Трасс намын гишүүдийн 81,326 санал авсан бол сангийн сайд Сунак 60,399 санал авсан байна.

Тэрбээр Их Британийн түүхэнд Маргарет Тэтчер, Тереза Мэй нарын дараа гурав дахь эмэгтэй ерөнхий сайд болж байгаа юм.

Сүүлийн арван жилийн хугацаанд гурван удаа сайдын алба хашсан Трасс засгийн газрын хэмжээг багасгах, татварыг бууруулах, Европын Холбоо, Хятад зэрэг том түншүүдтэй харилцах харилцааг шинэчлэхээ амлаж байна.

“Намын даргын сунгаанд би Консерватив байсан, засаглахдаа ч Консерватив байх болно. Найзуудаа, бид ирэх хоёр жилийн хугацаанд юу хийж чаддагаа харуулах хэрэгтэй боллоо. Би татварыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах шийдэмгий төлөвлөгөө хэрэгжүүлэх болно” гэж Трасс санал хураалтын үр дүн гарсны дараа хэлжээ.

Тэрбээр өмнөх ерөнхий сайдад хандаж хэлэхдээ “Борис, чи Брэкзитийг хийж чадсан. Чи Жереми Корбийг (Лэбор намын дарга асан) ялж, вакцинжуулалтыг хэрэгжүүлж, Владимир Путиний эсрэг зогсож чадсан. Чамайг Киевээс эхлээд Карлайл хүртэл хүндэлж байна” гэсэн юм.

47 настай Трасс маргааш Шотландын Балморал шилтгээнд очиж, хатан хаан Элизабетэд бараалхахдаа засгийн газрын шинэ танхим байгуулах албан ёсны хүсэлтээ илэрхийлнэ.

Трассын аав математикийн профессор, ээж нь багш, сувилагч хүн юм.

Тэрбээр Лидс хотод ерөнхий боловсрол эзэмшиж, Оксфордын их сургуулийг философи, эдийн засаг, улс төр судлалаар төгсжээ.

2010 онд улс төрд орохоосоо өмнө тэр харилцаа холбоо, эрчим хүчний салбаруудад ажиллаж байсан юм.

Гэр бүлтэй, хоёр хүүхдийн ээж Трасс өмнө нь Тереза Мэй, Дэвид Камероны засгийн газарт боловсролын, хууль зүйн сайдын албыг хашиж байжээ.

Трассын засгийн газрыг хүлээж буй хамгийн том сорилт бол эрчим хүчний хямрал, иргэдийн амьжиргааны зардлын өсөлт гэж ажиглагчид үзэж байна.

Саяхан Их Британийн эрчим хүчний зохицуулах байгууллага Ofgem айл өрхийн эрчим хүчний зардлын дээд хязгаарыг 3,549 фунт стерлинг ($4,100) болгож өсгөсөн нь оны эхнээс гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

Зарим шинжээчид үүнийг Ирэх оны дөрөвдүгээр сард 7,200 фунт болж өсөх магадлалтай гэж тооцоолж байна.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version