Энтертайнмент

Оросын эрх баригчид Холливүүдийн оддыг хилийн хоригтоо нэмлээ

Нийтэлсэн

Өчигдөр ОХУ-ын эрх баригчид АНУ-ын иргэдэд тавьсан хилийн хоригтоо 25 хүнийг нэмж оруулсны дотор Холливүүдийн алдартай жүжигчид болох Бэн Стиллер, Шон Пенн нар багтжээ.

Энэхүү алхам нь “Оросын иргэдийн эсрэг Байдены засаг захиргаанаас хэрэгжүүлсэн хоригийн хариу арга хэмжээ” болохыг ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Стиллер, Пенн нар хоёул Украинд Оросын цэрэг халдан довтолсны дараа Киевт очиж, ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж байжээ.

Зургаадугаар сард Киевт очихдоо Стиллер ерөнхийлөгч Зеленскийг “Та бол миний баатар” гэж магтаж байсан юм.

зураг

Шон Пенний хувьд Украины Донбассын бүс нутаг дахь нөхцөл байдлын талаар баримтат кино бүтээж байхдаа энэ оны эхээр Зеленскийтэй уулзаж байв.

Дараа нь тэр CNN сувагт ярихдаа “орчин үеийн дэлхий ертөнцөд эр зориг, нэр төрийн үлгэр жишээ” болж буй Зеленскийг магтаж байжээ.

зураг

Украины дайнтай холбоотойгоор АНУ болон түүний холбоотнууд Оросын бизнесмэнүүд, улс төрчдийн $30 гаруй тэрбумын хөрөнгийг битүүмжлээд байгаа.

Хамгийн сүүлд наймдугаар сард АНУ-ын сангийн яамны зарласан ээлжит хоригт ФосАгрогийн эзэн, тэрбумтан Андрей Гурьев, Путиний найз бүсгүй гэгддэг Алина Кабаева нарыг багтааж байв.

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тэргүүлдэг Авлигатай Тэмцэх Сан хоригт багтаах ёстой Путиний хүрээллийн 6,000 гаруй хүний нэрсийн жагсаалтыг гаргасан байдаг юм.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version