Эдийн засаг

Р.Саранцэцэг: Гуравдугаар сарын 1-ээс 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж эхэлнэ

Нийтэлсэн

Монголбанкнаас 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гуравдугаар сарын 1-ээс гүйлгээнээс татахаар болсон. Мөн цоо шинэ, өндөр нууцлал бүхий 20 мянгатын дэвсгэртийг үйлдвэрлэж, гүйлгээнд оруулахаар болоод байгаа юм. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгээс тодрууллаа.

-2006 онд үйлдвэрлэсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Одоогоор манай улс 3 янзын 20 мянгатын дэвсгэрттэй болчихсон байна.  Хамгийн эхнийх нь 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэрт. Энэ нь хамгаалалт маш муутай. Тиймээс 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар хийх тохиолдол их гардаг. Цагдаад бүртгэгдсэн хуурамч мөнгөтэй холбоотой хэргүүдийн дийлэнх нь 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг дууриалгасан байдаг. Хоёрдугаарт, цонхтой, холаграммтай 20 мянгатын дэвсгэртийг 2009 онд үйлдвэрлэсэн.  Арай сайжруулж, нууцлал нэмж, хамгаалалт сайтай болгож гаргасан. Гурав дахь нь, 2019 онд хэвлүүлснэ шинэ 20 мянгатын дэвсгэрт. Шинэ 20 мянгатын дэвсгэртийг бид 2019 онд хэвлүүлсэн. 2020 онд гүйлгээнд гаргаж байгаа нь арилжааны банкууд АТМ, мөнгө тоолох машиндаа шинэ дэвсгэртийг таниулах тохиргоог хийдэг. Тэгэхгүй бол машин танихгүй.  Банкууд бэлэн мөнгөний машиндаа тохиргоо хийхэд нэлээд урт хугацаа шаарддаг.  Өөрсдөө тохиргоо хийж чадахгүй. Машиныг авсан гадаадын компани руу хандаж, тэд ирж тохиргоо хийдэг.  Тиймээс тохиргоо хийхийн тулд 4-5 сарын хугацаа шаардлагатай болдог. Бид банкуудыг хүлээгээд 2019 ондоо багтаж гүйлгээнд гаргаж чадаагүй.

-Одоо банкууд тохиргоогоо хийж байгаа юм уу. Хэзээ дуусах бол?

-Тохиргоогоо хийж байгаа гэж бидэнд мэдээлсэн. Удахгүй бэлэн болох байх. Ялангуяа орлого авдаг АТМ-д зайлшгүй таниулах шаардлагатай. Тийм учраас хугацаа орж байна. Түүнээс биш цагаан сарыг тааруулж шинэ 20 мянгатын дэвсгэртийг гаргаж байгаа юм биш шүү. Одоо 3 янзын 20 мянгатын дэвсгэрттэй болчихсон учраас хуурамчаар хийгээд байгаа 2006 оны мөнгийг гүйлгээнээс татчихъя гэж байгаа юм.  Гуравдугаар сарын 1-ээс эхлээд банкууд ялгаад, Монголбанкинд тушаана.  Гүйлгээнд хэрэглэхгүй гэсэн үг. Харин бизнес эрхлэгчид, наймаа арилжаа хийж буй хүмүүс, иргэд 2022 оны гуравдугаар сарын 1 хүртэл 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг чөлөөтэй солиулж болно. Арилжааны ямар ч банкинд солиулж болно гэдгийг хэлье. Мөн Монголбанкинд сольж өгнө.

-Шинэ мөнгө хэвлэж, төсвийн мөнгө үрлээ гэсэн шүүмжлэл хэлэх хүмүүс байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Альч улсын төв банкинд мөнгөн тэмдэгт хэвлэх эрх байдаг. Мөнгөн тэмдэгт чинь нийтийн өмч. Нийтийн өмч найдвартай, хамгаалагдсан байх ёстой. Хэн дуртай нь хуурамчаар хэвлээд байж болохгүй. Тиймээс Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд мөнгөн тэмдэгтийн найдвартай байдлыг хангах ёстой. Тэр утгаараа аймар үнэтэй боллоо, маш багаар хэвлэх ёстой гэх мэт зүйлд санаа тавих ёсгүй. Монгол Улсын мөнгөн тэмдэгт чанартай, нууцлал өндөртэй байх ёстой гэдэг утгаар нь үргэлж сайжруулж байгаа. Шинэ мөнгөн тэмдэгт хэвлүүлэхийн тулд төсвийн мөнгөнөөс зарцуулдаггүй.

-Шинэ 20 мянгатын дэвсгэртийн гол гол шинэчлэл, ямар нууцлалтай болсон талаар мэдээлэл өгөөч?

-Бид хэд хэдэн чиглэлээр өөрчлөл оруулсан. Хамгаалалтын элементийн хувьд 3D хөдөлгөөнт, микро офтик туузыг хийж өгсөн.  100 ам.долларын дэвсгэрт байдаг даа. Тэр шинэ дэвсгэртэд цэнхэр тууз байдаг. Тэр тууз, шинэ 20 мянгатын микро офтиз тууз хоёрын технологи адилхан. Гэхдээ ам.долларынх 3 дахь үеийнх нь технологи. Шинэ 20 мянгатынх 4 дэх үеийнх нь байгаа. Тэгэхээр шинэ 20 мянгатын дэвсгэрт 100 ам.долларын дэвсгэртээс илүү нууцлалтай, найдвартай болсон гэсэн үг.  Түүнээс гадна, өнгө нь хувирдаг спарктай болсон. Таван мянгатын дэвсгэрттэй адилхан, 3D. Харах өнцгийг нь өөрчлөөд, нааш, цааш нь хөдөлгөвөл ногоон, шар хоёр цагариг байраа сольж хөдөлнө.  Энэ хоёр шинэчлэлийг дуурайж хийх ямар ч боломжгүй.

Мөн 20 мянгатын дэвсгэртийн хоёр талд ташаа зураасуудыг хийж өгсөн. Товгор зураас. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан таних тэмдэг. Өмнө нь манайд ийм таних тэмдэгтэй мөнгөн дэвсгэрт байгаагүй. Бид 50 болон 20 мянгатын дэвсгэрт дээр шинээр оруулж өгсөн.  Ард талд нь гялгар өлзий хийг оруулсан. Хамгаалалтын элементийн хувьд ийм шинэчлэл хийсэн. Гэхдээ хамгаалалтын элементийг 4 түвшинд хуваадаг. Бид зөвхөн нэгдүгээр түвшний элэементийн талаар л дурьдаж байна.  Машинд зориулсан элемент, багажны тусламжтай таньж болохоор гээд.

2006 оны 20 мянгатын дэвсгэртийг яагаад хуурамчаар хийгээд байна гэхээр иргэд хараад л шууд таних  нууцлал багатайгаас болж Тиймээс хүмүүс шууд хараад л таньж болохоор нууцлал оруулж өгье гээд ийм хоёр зүйл оруулж өгсөн. Хамгаалалтын элемент гэвэл ийм.  Түүнээс гадна, жижиг засваруудыг оруулж өгсөн. Чингис хааны зургийг засахыг зөвлөсөн, шаардсан захиа, албан бичиг манайд их ирдэг байсан. Би ч өөрөө тэр захиаг ирэхээс өмнө анзаардаггүй байсан. Духны үс тасарсан. Үсний хөхлөг нь цагариган ээмэг шиг харагддаг. Соёмбоны галын дөл нь яргуй цэцэг шиг харагддаг гэх мэтээр шүүмжилсэн санал ирүүлж байсан. Тэр болгоныг бид шинэ 20 мянгатын дэвсгэрт дээр засаж өгсөн.

50 төгрөгийн шинэ дэвсгэртийг хийхдээ ард талд нь байдаг морины зургийг өөрчилсөн. Хүмүүс “Ямар амьтан нь мэдэгдэхгүй нэг амьтны бөгсөн бие байдаг. Билэг дэмбэрэлгүй” гээд шүүмжилж байсан.  Тиймээс түүнийг нь засаж, хэвлэсэн.  Мөн хоёр ширхэг налуу зураас оруулж өгсөн. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан. Түүнээс гадна, спарк буюу өнгөө сольдог хоёр цагариг оруулсан. 2019 онд 50 төгрөг, 20 мянгатын дэвсгэртээ хэвлэхдээ хамгаалалтын элементүүдийг энэ мэтээр оруулж өгсөн юм.

Exit mobile version