Эдийн засаг

Ам.долларын албан ханш 3,248.97 төгрөгт хүрлээ

Нийтэлсэн

Ам.долларын эсрэг төгрөгийн ханш 2022 оны хоёрдугаар сараас тасралтгүй унасаар Монголбанкны албан ханш 3,248.97 төгрөгт хүрлээ. 2,848 төгрөгт тогтмол явж байсан ханш өнгөрсөн хоёрдугаар сараас өсөж эхлэн дөрөвдүгээр сарын 6-нд 3,000 төгрөг даваад байсан бол есдүгээр сарын 1-нээс 3,200 төгрөгт хүрч өнөөдрийг хүртэл аажмаар өссөөр байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын эсрэг төгрөгийн ханш сүүлийн хагас жилийн хугацаанд 13% суларчээ.

Төгрөгийн ханш ийнхүү суларч байгаатай холбоотойгоор зах зээлд долларжилт нэмэгдэж байгааг Монголбанкны судалгаа харуулж байна. 2021 оны эцэст нийт хадгаламжийн 23.4 хувь нь доллар байсан бол энэ дүн 2022 оны долдугаар сарын байдлаар 29.3% болж өсөөд байгаа юм.

Монголбанкны статистикаар гадаад валютын улсын нөөц наймдугаар сарын байдлаар 2.69 тэрбум ам.доллар байгаа ба энэ нь дөрөв орчим сарын импортын нөөц юм.

График. Гадаад валютын албан нөөц (2018.11 сараас 2022.08 сар)

Монгол Улсын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувь, түүний дотор нүүрсний экспорт мөнгөн дүнгээрээ 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа ч валютын нөөцийн бодит хэмжээ төдийлөн өсөхгүй байгаа нь нүүрсний экспортын төлбөрийг урьдчилан авсантай холбоотой байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

Импорт өнгөрсөн оноос 25% өссөн, импортын барааны 97%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа энэ тохиолдолд экспортын гарцаа, ялангуяа шууд төлбөртэй худалдааг нэмэх шаардлага үүсэж байна.

Exit mobile version