Эдийн засаг

Г.Ёндон: Монгол Улс дэлхийн зэсийн салбарт найдвартай тоглогч болохоо зарлаж байна

Нийтэлсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгийн танилцуулсан “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” илтгэлийн онцлох ишлэлийг хүргэж байна.

Тэрээр илтгэлдээ, “Өнөөдөр дэлхий нийт уул уурхайн салбараас маш их хамааралтай болжээ. Уул уурхайн салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Тиймээс ч дэлхийн улс орнууд хөгжлийн асуудлыг уул уурхайн салбартай хамааруулан бодлого, стратегитайгаа холбон авч үзэж байна.

Манай улсын эдийн засаг уул уурхайгаас асар хамааралтай гэдгийг Дэлхийн банк тогтоосон байдаг. Иймээс энэ чиглэлд хайгуул-олборлолт-боловсруулалт-хуваарилалт гэсэн цогц зарчмыг салбарын яам баримталж ирсэн.
Монгол Улсын дэлхийн хэмжээнд зэсийн салбарт хөрөнгө оруулалтаар тэргүүлж буй улс орнуудын 7-рт эрэмбэлэгдэж байна. Манай улсын төсвийн орлогод нүүрс, зэс гурван хувиас дээш нөлөө үзүүлдэг. Зэс, нүүрсний үнэ, экспортоос манай улсын эдийн засаг шууд хамааралтай.

2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийтдээ 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зэсийн 700 гаруй төслийг эхлүүлнэ. Үүнээс Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж байна. Эдгээр төслүүд дотор Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суварга, Хармагтайн орд багтаж байна. Энэ бол Монгол Улс дэлхийн зэсийн салбарт найдвартай тоглогч болох гэж буйгаа зарлаж буй маш том алхам.

Тэгвэл дэлхийн зэсийн зах зээлд Монгол Улс найдвартай тоглогч болоход хэр бэлэн байгаа вэ. Монгол Улс, тэр дундаа Эрдэнэт үйлдвэр зах зээлийн энэ эрэлтийг хангахад бэлэн үү.

Монгол Улсын төсвийн гүйцэтгэл 2021 онд 13.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.9 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Үүн дотор 7.3 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрдүүлж буй.

Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын бодлогоо үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2021 онд 36 сая тонн хүдэр олборлож, 32.6 сая тонн хүдэр боловсруулсан.

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн хэрэглээ алсдаа улам их өсөх нь тодорхой болж байна. Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж Үйлдвэрлэл, технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт бодитой үр өгөөж нь харагдах учиртай юм” гэлээ.

Exit mobile version