Дэлхий

Латви улс цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдэв

Нийтэлсэн

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн цэргийн дайчилгаа зарласны дараа зарим улс орнууд үүнээс зугтсан Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүйгээ мэдэгдэж эхлээд байна.

Путиний мэдэгдлийн дараахан Латви улсын гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич “Аюулгүй байдлын үүднээс манай улс цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэдэд хүмүүнлэгийн болон бусад ямар ч төрлийн виз олгохгүй болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Финландын батлан хамгаалахын сайд хөрш Орос улсын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа бас мэдэгдсэн байна.

“Финландын эргэн тойронд одоогоор байдал хэвийн байна. Манай зэвсэгт хүчин бэлтгэлээ дээд зэргээр хангаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж сайд Антти Кайкконен мэдэгджээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд илгээх 300,000 бэлтгэл хүчийг энэ удаа дайчлах тухай албан ёсоор мэдэгдээд байгаа.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович цэргийн дайчилгааг “урьдчилан таамаглаж байсан алхам” бөгөөд Москвагийн төлөвлөгөө “санасных нь дагуу хэрэгжихгүй байгаагийн илрэл юм” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version