Энтертайнмент
Абдулрашид Садулаев Кайл Снайдерыг “халз тулаанд” дуудав
Олимпын хошой аварга, ОХУ-ын Абдулрашил Садулаев саяхан Белградад болж өнгөрсөн ДАШТ-д түрүүлсэн АНУ-ын Кайл Снайдерт баяр хүргэсэн ч жинхэнэ аварга гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Учир нь энэ жилийн ДАШТ-д Оросын бөхчүүдийг оролцуулаагүй юм.
Садулаев олон нийтийн сүлжээнд “Белградын аварга болсонд баяр хүргэе. Тэнд хэн дутагдаж байсныг чи мэдэж байгаа. Би чамд 97 кг-ын жингийн жинхэнэ хаан болох боломж дахин олгоход бэлэн байна. Манай үзэгчид түүх үргэлжлэхийг харах гавьяатай” гэж бичжээ.
Садулаев, Снайдер хоёр хоорондоо дөрвөн удаа барилдахдаа дандаа финалд таарч байсан. 2017 оны Парисын ДАШТ-д Снайдер ялсан бол 2018 оны Будапешт, 2021 оны Ослогийн ДАШТ, Токио олимпод Садулаев ялж байв.