Боловсрол

Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийгөө зээлээс чөлөөлжээ

Нийтэлсэн

Боловсролын зээлийн сан бол томчууд толгой өвдөхгүйгээр дэлхийн боловсролыг хүүхэддээ болон өөртөө эзэмших арга замын нэг болоод удаж байна. Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Л.Цог, Б.Саранчимэг, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Н.Энхболд, Н.Ганбямба, А.Ундраа, Н.Энхбаяр, Б.Саранчимэг гээд УИХ-ын гишүүд, сайд дарга нар энэ сангийн зээлд нэр холбогдсон баримт өмнө нь дэлгэгдэж байсан.

Тус сан өнгөрсөн хугацаанд 1,4 сая суралцагчид (давхардсан тоогоор) 1 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Монгол Улсын хүн амын тал хувийг эзлэх хэмжээний суралцагч зээлээр сурсан ч нэг хүн хэдэн ч удаа уг сангийн зээлээр суралцах боломжийг олгож байгаа нь өнөөх эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст давуу эрх олгосоор байна.

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр өдгөө Дэлгэрийн Гарди ажилладаг. 2022 оны хоёрдугаар сард томилогдсон тэрээр хоёр сарын дараа өөрийгөө зээлийн төлбөрөөс чөлөөлжээ.

Д.Гарди нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид Олон Улсын харилцааны мэргэжлээр Олон Улсын хүмүүнлэгийн харилцааны хөтөлбөрийн хүрээнд суралцаж, 2016 онд төгссөн байна. Ийнхүү сурахаар явахдаа БЗД-т байрлах 39 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгө болгож байжээ. Харин түүний гэрээний биелэлтийг Л.Энх-Амгалан сайд үнэлж, зээлийн гэрээ дуусгавар болсноор тооцсон байна.

Д.Гарди энэ сангийн өмнөх даргад “Зээлээс чөлөөлж өгнө үү?” гэх хүсэлт явуулж байсан ч хожим даргаар очингуутаа өөрийгөө зээлээс чөлөөлөх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн байдаг. Тэрбээр уг албан тушаалд томилогдохын өмнө БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм.

Боловсролын зээлийн сангийн талаар товчхон мэдээлэл дуулгахад, Сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх шийдвэрийг 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргаж, сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг 32 байхаар тогтоожээ.

Гэвч зуун ямаанд жаран ухна гэгчээр тус сангийн хүний нөөцийн тал орчим хувийг эзлэх хэмжээтэй буюу 10 гаруй удирдах албан тушаалтан байдаг гэдэг.

Боловсролын зээлийн санг ийнхүү онцолж байгаагийн учир нь өмнөх жилүүдэд 3,2 тэрбум төгрөгийн төсвөөр зээл олгодог байсан бол энэ жил Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон бусад хөрөнгө оруулалттай нийлээд 30 тэрбумд хүрч,  10 дахин өссөнтэй холбоотой. Энэ өсөлт, боломж дунд нөгөө л эрх мэдэлтэй, удирдах албан тушаалтны чихээсний хүмүүс гадаадын их, дээд сургуульд суралцах эрхийг эзэгнэх вий гэсэн болгоомжлол байна.

Exit mobile version