Дэлхий
Парис дахь Ираны элчин сайдын яам руу дайрсан иргэдийг Францын цагдаа хүчээр тараажээ
Ням гарагт Парис дахь Ираны элчин сайдын яамны байр руу хэдэн зуун иргэн дайрахыг оролдсон тул Францын цагдаагийн хүч нулимс асгаруулагч хий болон үймээн самууныг дарах тактик хэрэглэсэн тухай гэрчүүд мэдээлжээ.
Энэ сарын дундуур цагдаа нарын гарт амиа алдсан залуу эмэгтэйн хэргээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал Парис дахь Ираны элчин сайдын яамны гадаа хоёр дахь өдрөө үргэлжилсэн юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Ираны ерөнхийлөгч Эбрахим Райситай гар барьж мэндчилсэн нь тус улсад оршин суудаг иранчуудыг бухимдуулсан явдал болж байв.
“Исламын Бүгд Найрамдах улсын элчин сайдын яамыг хамгаалахын тулд цагдаа нар Парис дахь иранчуудын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэлээ. Энэ үеэр Ираны алуурчин ерөнхийлөгчтэй Эммануэл Макрон гар барилцаж байв” гэж АНУ-д төвтэй Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Масих Алинежад твиттер хуудсандаа бичжээ.
Парист жагссан иргэд перс хэлээр “зан, зендеги, азади!” (Эмэгтэй хүн, амьдрал, эрх чөлөө) гэсэн уриаг нийтээрээ уухайлан хэлж байв. Бас энэ урианы курд хувилбарыг ч бас хэрэглэж байжээ.
Ираны ёсзүйн цагдаагийн албаныханд саатуулагдаад байхдаа амиа алдсан Махси Амини нь курд үндэстэн байсан юм.
Ням гарагт Лондон хот дахь Ираны элчин сайдын яамны гадаа ижил төстэй эсэргүүцлийн арга хэмжээ болох үеэр цагдаа нар таван хүнийг баривчилсан байна.
Эх сурвалж: AFP