Дэлхий
АНУ, Туркийн албаныхан Украин болон НАТО-гийн асуудлаар урьдчилж зарлалгүйгээр уулзжээ
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан өчигдөр буюу Ням гарагт Истанбул хотноо Туркийн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ибрахим Калинтай уулзжээ.
Хэвлэлийнхэнд урьдчилж зарлаагүй энэ уулзалтаар талууд Украины асуудлаар болон НАТО-гийн өргөжилтийн асуудлаар ярилцсан байна.
НАТО-гийн гишүүн Турк улс Украинд дайн эхэлсэн цагаас хойш дайтагч талуудын хооронд тэнцвэртэй байр суурь баримталж байгаа. Тус улс Оросын эсрэг эдийн засгийн хоригт нэгдээгүй ч Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэсэн байр суурьтай байна.
Бас Оросын эзлэн түрэмгийллийг ил тод шүүмжилж, Украинд зэр зэвсэг нийлүүлж байгаа.
Украинд дайн эхэлсний дараа Финланд, Швед улсууд НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан. Харин Турк улс үүнд хориг тавихаа мэдэгдэж байв.
Гэхдээ гурван улс зургаадугаар сард Мадрид хотод болсон НАТО-гийн чуулганы үеэр Анкарагийн эрх баригчдын санааг зовоож буй асуудлаар тохиролцоонд хүрч, Турк улс хоригоо татаж авсан юм.
Өчигдөр болсон уулзалтын үеэр Салливан, Калин нар Украины газар нутгийг бүрэлдэхүүндээ хууль бусаар нэгтгэсэн ОХУ-ын үйлдлийг буруушааж, Армени, Азербайжаны зөрчлийг дипломат арга замаар шийдвэрлэх тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн тухай албан мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалж: Reuters