Улс төр
Эрдэнэ, Элбэгдорж , Энхбаяр гуравын нэгдэл
Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий
МУ-ын Н.Энхбаяр, С.Эрдэнэ нар Ц.Элбэгдоржийн заллагаар Шангри-Ла зочид буудлын рестораны VIP зааланд нэгэн нууц хуралд оролцсон байна. Ц.Элбэгдорж өөрөө байхгүй, гадаадад яваа учир энэхүү хуралд цахимаар оролцжээ.
Сонгууль дөхсөн үед сөрөг хүчин АН-ын дарга, гуравдагч хүчнээр өөрсдийгөө тодорхойлдог МАХН-ын удирдлага чухамхүү ямар шалтгаанаар Шангри-Ла зочид буудлын VIP өрөөнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар ирэв гэдэг нь мэдээж сонирхолтой асуулт. Тэр тусмаа сонгууль дөхсөн энэ цаг үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа эрхмүүд таван одтой зочид буудлын VIP өрөөнд уулзсан нь зүгээр нэг хэрэг биш нь лав. Эсрэгээрээ Ц.Элбэгдорж, М.Энхболдын нарын үүсгэн байгуулсан гэх МАНАН бүдгэрч, С.Эрдэнэ, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн гурамсан холбоо бүхий МАНХАН төрөх нь гэсэн хардлага төрүүлж эхлээд байна.
Ц.Элбэгдоржийн хувьд албан тушаалаа өгснөөс хойш одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгын араанд зуугдаж гадагшаа гарахаас өөр сонголтгүй болсон нь түүний зовлон. Гаднын томоохон уулзалт, зөвлөгөөнд оролцоод завгүй явна хэмээн өөрөө зөөллөж ярьж буйгаас үнэндээ түүний Монголд гишгэх орон зай нь хумигдсан. Нэгэн цагийн илтгэлт хамтрагч М.Энхболдынх нь хүч , МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар өдрөөс өдөрт суларч сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болчихсон яваа. Тиймээс Ц.Элбэгдоржид улс төрд босгосон өөрийн орон зайгаа хадгалж үлдэх, Х.Баттулгыг сөрөн зогсоход хамтрагч хэрэгтэй болсон нь С.Эрдэнэ, Н.Энхбаяр нар байсан бололтой.
Намынх нь нэр хүнд шалаар хөглөрөхийн зэрэгцээ хамжлагат албатууд нь түрүүчээсээ АТГ-т хаалга татаж, цагдан хоригдох болсон нь АН-ын дарга С.Эрдэнэд тулгарсан бодит зовлон. Хуулийн байгууллагынхан түүний хамтрагчдын халаасыг шалгаж, тэмтрэх тусам асуудлын зангилаа, хэргийн сэжүүр С.Эрдэнэд очиж наалдах учраас “амь тавьчихгүй” сонгуультай золгох нь түүний тэргүүн зорилго.
МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ч мөн адил зовлонтой. Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх үндэслэлээр тэрбээр гурван ч сонгуулийг өнжсөн. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр ялтай тооцох хугацаа гэсэн ойлголтыг байхгүй болгосон нь Н.Энхбаярт боломж олгосон ч эрх баригч МАН-ын зүгээс Сонгуулийн хуулийг батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан түүний долоон жилийн мөрөөдөлд цэг тавьсан. Энэ удаагийн сонгуулийг ашигладаггүй л юм бол цаашид Н.Энхбаярын гэх орон зай Монголын улс төрд улам бүдгэрэх учраас тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандаад ч болтугай сонгогдох эрхээ олж авахаар хичээж яваа. Гэхдээ хуульч Ц.Шаравдоржоор дамжуулан гаргасан түүний гомдлыг Цэц хүлээн авч, өөрийнх нь талд шийдвэр гаргана гэдэг нь бүрхэг. Биелэх магадлал нь бага.
Адилхан гэмээр ийм нэгэн зовлонтой гурван “Э” хөл хорио тогтоосон энэ цаг үед, олны нүднээс далд уулзжээ. Уулзалтаар юу ярьсан эсэх нь одоохондоо тодорхой бус байгаа ч улс төрд мөнхийн дайсан, найз гэж байхгүй. Мөнхийн эрх ашиг гэж байдаг гэж үгийн бодит илрэл энэ буй за.