Дэлхий

АНУ болон түүний холбоотнуудад цөмийн зэвсгээр халдвал Кимийн дэглэмийн төгсгөл ирэхийг Пентагон анхаарууллаа

Нийтэлсэн

Өчигдөр АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэрвээ Умард Солонгос өөрт нь болон холбоотнуудад нь ямар нэг хэлбэрээр цөмийн цохилт өгвөл энэ нь Кимийн дэглэмийн төгсгөлийг авчрахыг анхааруулжээ.

Умард Солонгос сүүлийн өдрүүдэд маш олон тооны пуужинг хөрш Өмнөд Солонгос, Япон улсуудын чиглэлд харваж туршаад байгаа.

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд И Жон Суптай уулзсаныхаа дараа хийсэн мэдэгдэлд Остин “АНУ болон түүний холбоотнууд, түншүүдийн эсрэг стратегийн бус цөмийн зэвсгийг оролцуулаад ямар ч төрлийн цөмийн зэвсэг хэрэглэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь Кимийн дэглэмийн төгсгөлийг авчрах болно” гэжээ.

“И сайд бид хоёр өнөөдөр маш их үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийлээ. Бид БНАСАУ-ын өдөөн хатгалга хэрхэн үргэлжилж буй талаар ярилцсан бөгөөд нөхцөл байдал хурцадсан энэ үед тууштай, хатуу байр суурь баримтлахаар санал нэгдлээ. Өмнөд Солонгосыг хамгаалах амлалтаа АНУ тууштай сахих болно” гэж Остин энэ үеэр мэдэгдсэн юм.

Хоёр улс Солонгосын хойгт зохион байгуулдаг өргөн хүрээний цэргийн хамтарсан сургуулилалтаа сэргээхээр болсныг тэр бас мэдэгджээ.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нэлээд суларсан юм.

Тухайлбал 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнаас хойш байрлаж буй АНУ-ын цэргийн баазын зардлыг Өмнөд Солонгосын засгийн газраар төлүүлэх саналыг Трамп гаргаж байв. Харин ерөнхийлөгч Жо Байдены үед энэ бодлого өөрчлөгдөж, хоёр улсын хамтын ажиллагаа дахин сэргээд байна.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version