Нийгэм
Б.Ариунзаяагийн танхайн хэргийг буцааж шийдвэрлэлээ
Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа бусдын биед халдсан гэх хэрэгт холбогдсоныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлснийг зөрчлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг буцааж шийдвэрлэсэн байна.
Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан тул ийнхүү шалгагдаж байгаа юм.
Сануулахад, Б.Ариунзаяа нь дээрх хэрэгт холбогдохоосоо нэг сарын өмнө бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож, шүүхээс түүнд хилийн хориг тавьсан ч энэ хэрэг мөн эцэслэн шийдэгдээгүй байна.