CRI Монгол радио

Амьтай бүхэнд ээлтэй дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх БНХАУ-ын хүчин чармайлт

Нийтэлсэн

Энэ дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн оршин тогтноогүй. Техник технологийн олон зуун жилийн хувьсгал болон хурдацтай хөгжил, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг нь хүн төрөлхтөн ба байгаль хоорондын харилцаанд хямрал үүсгэж байна.
Тиймээс энэ хямралыг даамжруулахгүйн тулд эх дэлхийн байгаль экологийг хайрлан хамгаалж, хүн ба байгаль энх тайвнаар буюу эвсэг зохицонгуйгаар зэрэгцэн оршихуйг хөхиүлэн дэмжих үзэл баримтлалыг БНХАУ баримталж байна.
Хүн ба байгаль эвсэг зохицонгуйгаар зэрэгцэн оршихуй гэж чухам юм бэ?
Хүн ба байгаль эвсэг зохицонгуйгаар зэрэгцэн оршихуй гэдэг нь экологийн соёл иргэншлийн хөгжил, оршин тогтнолыг хөхиүлэн дэмжих Хятад улсын үндсэн зарчим бөгөөд байгаль экологийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй үлгэр жишээ бөгөөд үр дүнтэй хүчин чармайлтуудын нэг юм.
Өдгөө БНХАУ байгаль экологийг хамгаалах, бохирдолтой тэмцэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтаараа дэлхийд тэргүүлж байна.
Экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, биологийн олон янз байдлыг хамгаалж авч үлдэх нь хүн төрөлхтөн сайн сайхан аж төрөхөд чухал ач холбогдолтой. Тиймдээ ч БНХАУ байгаль экологи, биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд өнгөрсөн хугацаанд ихээхэн ололт амжилт гаргасан байна.
Тухайлбал, хүн төрөлхтөн ба байгаль энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхийн тулд БНХАУ сүүлийн 10 жилийн хугацаанд “дэлхийн бөөр” гэгддэг намгархаг газрыг хамгаалах ажлыг ихэд эрчимжүүлсэн байна. Намгархаг газрууд нь усны эх үүсвэр, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалыг зохицуулахад тустай бөгөөд олон зүйлийн амьтан, ургамлын амьдрах таатай орчин юм.
Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар, Хятад улс өдгөө 56.35 сая га намгархаг газартай.
Өнөөдөр дэлхийн 8 тэрбум хүн амын 1 тэрбум гаруйнх нь амьжиргаа намгархаг газраас ихээхэн хамааралтай байна. Гэвч намгархаг газар нь энэ дэлхийн хамгийн их аюулд өртөж буй экосистем болоод байна.
НҮБ-ын мэдэгдсэнээр, 1975 оноос хойш дэлхийн нийт намгархаг газрын гуравны нэгээс илүү хувь нь устаж үгүй болжээ.
Хүн ба байгаль энх тайвнаар зэрэгцэн оршихуйг дэмжихийн тулд намгархаг газрын экосистемийг хамгаалах чиглэлээр БНХАУ түүхэн ололт амжилтууд гаргаад буйг энэ сарын 5-13-нд болсон “Намгархаг газрын конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 14-р чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
2003 оноос хойш БНХАУ-ын Төв Засгийн газар намгархаг газрыг хамгаалж, сэргээх зорилго бүхий 4100 гаруй төсөл хэрэгжүүлж, 20 орчим тэрбум юань зарцуулаад байна.
Одоо Хятадад олон улсын ач холбогдолтой 64 намгархаг газар, үндэсний хэмжээний ач холбогдол бүхий 29 намгархаг газар, мөн 901 намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн байна.
Хятад улс 2022-2030 онд намгархаг газрыг хамгаалах төлөвлөгөөгөө өнгөрсөн сард танилцуулсан бөгөөд уг төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд намгархаг газрын хамгаалалтын түвшинг 55 хувьд хүргэхийн зэрэгцээ олон улсын ач холбогдолтой намгархаг газрын тоог 20, үндэсний хэмжээний ач холбогдолтой намгархаг газрын тоог 50-аар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
“Хүн ба байгаль зохицон орших ёстой. Хэрвээ бид байгалиа хайрлан хамгаалж чадвал байгаль биднийг харамгүй шагнана. Харин байгальтай хайр найргүй харьцвал байгаль биднийг өршөөлгүй шийтгэх болно” гэж өнгөрсөн онд Хятадын Юньнань мужийн Куньминь хотноо болсон COP15 буюу НҮБ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенцид оролцогч талуудын 15-р бага хурлын үеэр Ши Жиньпин дарга хэлж байсан юм.
Түүнчлэн ховордсон болон нэн ховордсон 112 төрөл зүйлийн ургамал Хятадын төр засаг болон ард түмний уйгагүй хүчин чармайлтын дүнд байгальдаа эргэн ирсэн байна.
Хятад улсын байгаль экологийг хамгаалах хүчин чармайлт нь зөвхөн биологийн олон янз байдлыг хамгаалахаар зогсоогүй.
2020 оны байдлаар тус улсын 337 томоохон хотын агаарын чанар 90 гаруй хувьд хүрсэн бол усны чанар 2015 онд 66 хувьтай байсан нь 2020 он гэхэд 83.4 хувьд хүрч сайжирчээ.
Мөн БНХАУ ойжуулалтын хүчин чармайлтаараа дэлхийд манлайлж байна.
Дэлхийн хэмжээнд таримал ойн хэмжээ 1990 онд 170 сая га байсан бол энэ тоо 2020 он гэхэд 293 сая орчим га болж нэмэгджээ. Таримал ойн хэмжээн өсөлтийн гуравны нэг орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна.
Хүн ба байгаль энх тайвнаар зэрэгцэн оршихуйг хөхиүлэн дэмжиж, эх дэлхийн амьтай бүхэнд зориулсан хамтын ирээдүй бүхий дэлхий ертөнцийг цогцлоохын тулд БНХАУ ийнхүү тууштай хүчин чармайлт гаргаж, үг болон үйлдлийнхээ аль алинаар дэлхий дахинд үлгэрлэж байна.
Нуур амгалан бол нугас амгалан гэж үг бий. Байгаль дэлхий амгалан бол хүн төрөлхтөн амгалан байж, хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон амьдарвал байгаль биднийг шагнаж, үр өгөөжөө харамгүй хайрласаар байх нь дамжиггүй.
Г.Солонго

Exit mobile version