Дэлхий

Хятад улс Кубын өрийг хөнгөлж, зээл тусламжаа сэргээхээр болжээ

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн цөөхөн коммунист улсуудын нэг Куба улсын ерөнхийлөгч Мигуэл Диаз-Канел албан ёсны айлчлалаар Алжир, Орос, Турк, Хятад улсуудад зочилсон юм.

Тэрбээр Хятад улсад айлчлахдаа өөрийн улсын өрийн бүтцийг шинэчилж, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ зээл авах тохиролцоонд хүрсэн тухай Куба улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Мөн хүнсний хомсдол, байгалийн гамшгийн дараах сэргээн босголтод нь Бээжингийн эрх баригчид $100 саяын тусламж үзүүлэхээр болсон тухай Кубын засгийн газрын шадар сайд Алехандро Гил мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын худалдаа, хөрөнгө оруулалт багассан нь Куба улс өрөө төлөхөд хүндрэлтэй болсонтой холбоотой байжээ.

АНУ-ын тавьсан эдийн засгийн хориг, цар тахал зэрэг хүчин зүйлүүд үүнд нөлөөлсөн байна.

“Өрийн бүтцийг шинэчлэх харилцан ашигтай шинэ томьёог талууд хамтран судлахаар боллоо” гэж Гил өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.

Куба улс 2019 оны байдлаар $19.6 тэрбумын гадаад өртэй байсан юм. Үүний хэчнээн нь Хятад улсад тавьсан өр болох талаар мэдээлээгүй байна.

Хятад нь Куба улсын хувьд Венесуэлийн дараа хоёр дахь том худалдааны түнш юм. Хоёр улсын худалдааны хэмжээ 2017 онд $2 тэрбум гаруй байснаа өнгөрсөн онд $1.3 тэрбум болж буурчээ.

Бас өмнө нь хэрэгжиж байсан хөрөнгө оруулалтын олон төсөл, хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд саатаад байсан юм.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version