Энтертайнмент
Түргэний эмчийн тусламж үзүүлсэн “үл танигдах” нэгэн цор ганц охин нь байжээ
Канадын Альберта хотноо түргэн тусламжийн албанд ажилладаг Жейме Эриксон хэмээх эмч бүсгүй автомашины томоохон осолд дуудлагаар очжээ. Түүнийг очиход ослын газарт биеийн байдал нь тун хүнд хоёр хүн байсан бөгөөд нэгнийх нь биеийн байдал тун хүнд буюу машинд хавчуулагдсан байв. Түүнийг аврах албаныхны хамт гаргаж, анхны тусламж үзүүлсэн боловч нүүр нь танигдахын аргагүй гэмтэж, биеийнх нь бүх хэсэг хугарсан байсан учраас таних арга байсангүй. Эмч бүсгүй тэр эмэгтэйн биенд маш хянуур бөгөөд болгоомжтой хүрч байв. Биеийн ерөнхий байдлыг хянасан эмэгтэй түүнийг удаан амьдрахгүй гэдгийг ч мэдэж байжээ. Анхан шатны тусламж авсан эмэгтэй амь голтой эмнэлэг рүү хүргэгджээ. Гэвч дахин тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна.
Өдөр бүр ийм эмгэнэлт үйл явдлын гэрч болдог эмч бүсгүй “Бас нэг гунигтай өдөр өнгөрлөө” хэмээн гэртээ харьжээ. Тун удалгүй тэдний хаалгыг Канадын цагдаагийн алба хаагчид тогшсон байна. Тэд 17 настай охин Монтанаг нь авто ослоор амиа алдсан гэх эмгэнэлт мэдээг дуулгажээ. Саяхан тусламж үзүүлсэн “үл танигдах” нэгэн түүний цор ганц охин нь байв. Яаран сандран эмнэлэгт ирсэн Жеймийг аль хэдийн хөрч, хөшсөн цогцос угтжээ. Хамтын амьдрал тохиогоод хорин жил орчим болсон Жейме Эриксон болоод Шон нарт заяасан ганц үр нь Монтана охин байлаа.
Энэхүү эмгэнэлт үйл явдал тэр даруйд сошиал ертөнц болоод улс даяар тархаж, охины оршуулах ёслол хүн ихтэй болжээ.
Түргэн тусламжийн эмч бүсгүй олон нийтэд хандан “Энэ бол миний ажилласан жилүүдэд тохиосон хамгийн хүнд тусламж байлаа” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр охинд нь болоод өөрт нь маш хүндэтгэлтэй хандаж буй олон нийтэд хандан “Миний охин, Миний мини, Миний Монтана… Чамтайгаа хэтэрхий богинохон хугацаанд хамт байсандаа харамсаж байна. 17 жил гэдэг надад хангалттай хугацаа биш. Би өнгөрсөн хугацаанд түүнд юу ч хийж өгч чадаагүй. Миний нэг хэсэг үгүй болсон мэт санагдаж байна. Хэрхэн цааш амьдрах талаараа ч мэдэхгүй байна. Монтана бол бидний хувьд ертөнц байсан” гэж ярьсан байна.
Улс даяар яригдсан энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор тэдэнд сэтгэлийн дэм өгөх хандивын аянг эхлүүлээд амжжээ. Хандивын хэмжээ аль хэдийн 100 мянган канад долларт хүрсэн талаар тус улсын хэвлэлүүд бичиж байна.