Нийгэм

Самарт явсан охиныг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө

Нийтэлсэн

Одоогоос 18 хоногийн өмнө өсвөр насны охин гэрээсээ гараад сураггүй алга болсон. Охиныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, байгаа газрыг олж тогтоосон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь арваннэгдүгээр  сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирж, арваннэгдүгээр 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан тухайн газарт очиж, охиныг авчрахад олон хоногийн хугацаа шаардлагатай талаар цагдаагийн газраас мэдээлсэн.

Тэгвэл охиныг өнгөрөгч амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр эсэн мэнд ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Exit mobile version